“Хүний төлөө-Зөв тус” аян хүрээгээ тэллээ

Хавар айлсаж барилгын салбарын ажил амь орж буй энэ үед холбогдох байгууллагуудаас энэ гуравдугаар сард нэн чухал хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлж эхлээд байна. Үүний эхнийх нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас санаачлан улсын хэмжээнд зохион байгуулж буй “Хүний төлөө-Зөв тус” аян юм.

Барилгын ажил идэвхжихтэй зэрэгцэн үйлдвэрлэлийн осол, гэмтэл нэмэгдэж, амь насаараа болон эрүүл мэндээрээ хохирогчдын тоо нэмэгддэг. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагуудын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, болзошгүй осол, аваар, эрсдэл, гэмтлээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх, тэдэнд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зорилгоор эл арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Аймгуудад хүрээгээ тэлж байгаа цаг үеэ олсон “Хүний төлөө-Зөв тус” аянд яам агентлагууд ч нэгдэж эхэлжээ.

Саяхан Барилга, хот байгуулалтын яам, ШӨХТГ-ын удирдлагууд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан нь барилгын салбарт өрнүүлж байгаа тус аянд хүч нэмсэн хэрэг боллоо. Барилгын чанар, стандартыг шалгаж хүлээж авдаг улсын комисст ШӨХТГ-ыг оруулснаар хэрэглэгчдийн эрх ашгийг тухайн барилга баригдаж эхлэх үеэс нь хамгаалах боломж бүрдэж байна. Нөгөө талаар аяны хүрээнд барилгын компани, ажилчдад сургалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилласнаар үйлдвэрлэлийн осол аваар ч буурах боломжтой болох юм. 

Ийнхүү хянаж шалгадаг, зөвлөн тусалдаг, бодлого тодорхойлдог, хамгаалж дэмждэг төрийн яам, агентлагууд барилгын салбарт онцгой анхаарч хүчээ нэгтгэж ажиллаж эхэллээ. 

Г.Сүрэн

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button