Сүрьеэгийн эмчилгээнд 23500 хүнийг хамруулахаар төлөвлөжээ

Өнөөдөр олон улсын сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр. Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-өөс хэвлэлийн бага хурал хийв. 2015 оны сүрьеэтэй тэмцэх олон улсын өдрийг “Сүрьеэг илрүүлье, эмчлэе, эдгэрүүлье” гэсэн уриан дор дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхий нийтэд сүрьеэ өвчин нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. 2013 оны ДЭМБ-ын тайланд дурдсанаар 9 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.5 сая хүн  нас баржээ.

Манай улсад сүрьеэ нь халдварт өвчний гуравдугаарт, нас баралтын шалгааны нэгдүгээрт орж эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал хэвээр байна. Монгол Улсад жил бүр 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж 100 мянган хүн амд 100-гаас дээш тохиолдол ногдож байгаа бөгөөд Номхон далайн Баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй 7 орны нэгд ордог. 2014 онд улсын хэмжээнд 4172 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж 100 мянган хүн амд 142 ногджээ. Үүнээс 0-14 насны 385 хүүхэд сүрьеэгээр өвчилсөн нь нийт сүрьеэгийн 9,2 хувь, 16-44 насныхан 68,7 хувийг эзэлж байна.Хүйсийн хувьд эрэгтэйчүүд 56 хувь, эмэгтэйчүүд 44 хувь байв. Нийт тохиолдлын 61 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.

Сүрьеэгээр өвчлөгчдийн 50 хувь нь ажилгүй, 70 хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой байна. Манай улсад жил бүр 200 орчим Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ/ОЭТС/-гийн тохиолдол бүртгэгдэж байгаа юм. ОЭТС-гийн эдгэрэлт нь шинэ илэрсэн мэдрэг сүрьеэтэй өвчтөнөөс бараг 50 хувиар бага байдаг төдийгүй эмчилгээний үргэлжлэх хугацаа маш урт /24-30 сар/ гаж нөлөө ихтэй, ойрын хавьтлууд нь өвчлөх эрсдэл өндөр зэрэг нь нийгэм хамт олны дунд халдварыг тараах аюулыг дагуулж байдгаараа манай орны хувьд нэн тулгамдсан асуудал болж байна. Иймд энэ онд судалгааны протоколын дагуу 15 аймгийн 21 баг, 18 аймгийн 32 сум буюу нийт 47 кластераас 23500 хүнийг хамруулахаар төлөвлөжээ.

 

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button