Олон Улсын Прокуроруудын Холбооны Ерөнхий зөвлөх Элизабет Хов Овег хүлээн авлаа
Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын шадар зөвлөх, Монголын Прокуроруудын Холбооны Ерөнхийлөгч Ц.Бямбацогт манай улсад ажлын айлчлал хийж байгаа ОУПХ-ны Ерөнхий зөвлөх хатагтай Элизабет Хов Овег 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын явцад Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх, Монголын Прокуроруудын Холбооны Ерөнхийлөгч Ц.Бямбацогт ОУПХ-ны Ерөнхий зөвлөх Элизабет Хов Овед Монголын Прокуроруудын Холбооны үйл ажиллагааны талаар танилцуулж, Олон Улсын Прокуроруудын Холбоотой ажил төрлийн холбоотой байж үр дүнд хүрч ажиллаж байгаа талаар мэдээлж, Олон Улсын Прокуроруудын Холбоотой хамтран хэрэгжүүлсэн “Прокурор солилцооны журам” төслийг амжилттай хэрэгжүүлснийг онцлон тэмдэглэж хэллээ.
Цаашид Монголын Прокуроруудын Холбоо үйл ажиллагаагаа эрчимжүүлж ажиллахад ОУПХ-ны туслалцаа дэмжлэг чухал ач холбогдолтой тул бусад орны прокуроруудын үйл ажиллагаа, ажлын арга барилын талаар мэдээлэл ирүүлж байх, судалгаа мониторингийн чиглэлээр мэргэшсэн экспертүүдийг Монголд ирүүлж сургалт явуулах, хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэг болон бусад шинэ төрлийн үндэстэн дамнасан гэмт хэргийг илрүүлэн шалгах чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгч байх зэрэг асуудлаар хамтран ажиллах боломжтой байгаагаа Монголын Прокуроруудын Холбооны Ерөнхийлөгч Ц.Бямбацогт илэрхийллээ.
ОУПХолбооны Ерөнхий зөвлөх, хатагтай Элизабет Хов Ове өөрийг нь халуун дотно хүлээн авч байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Монголын Прокуроруудын Холбоо ОУПХ-оос зохион байгуулж явуулдаг олон төрлийн үйл ажиллагаа, арга хэмжээнд идэвхитэй оролцдогийг онцлон дурьдаад цаашид хамтран ажиллах талаар тавьж буй саналуудыг судалж, бүх талаар дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллах болно гэлээ.