Монгол хэл, бичгийн шалгалтандаа 400-гаас бага оноо авбал ЭЕШ-д орохгүй

Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар БҮТ-ийн мэргэжилтэн Б.Төгөлдөртэй ярилцлаа.

-Энэ жилийн хувьд хэчнээн шалгуулагч ЭЕШ-д орох вэ?

-2015-2016 оны хичээлийн жилд их дээд сургуульд элсэгчдийн ЭЕШ-ыг зохион байгуулахаар бид бэлтгэл ажилдаа ороод байна. Шалгуулагчдын онлайн бүртгэл хоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхэлсэн. Энэ жилийн хувьд ЭЕШ-ын зохион байгуулалтад зарим нэг өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, Засгийн газрын 2003 оны 37 дугаар тогтоолын дагуу монгол хэл бичгийн шалгалтыг шалгуулагч нэг бүр өгнө. Монгол хэл бичгийн босго оноог 400-гаар тогтоосон. Өөрөөр хэлбэл монгол хэлний шалгалтад 400-аас дээш оноо авч байж дараагийн ЭЕШ-д орох, их дээд сургуульд суралцах эрх нээгдэнэ гэсэн үг. Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл энэ сарын 9-ний өдрөөр тасалбар болсон. Энэ жил ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн хувьд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас өгсөн статистик мэдээллийн дагуу бүртгэлийг автоматаар хийж, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь бүхий мэдээллийг хүүхэд нэг бүрээр хэвлээд аймаг, дүүргийн боловсролын соёлын газар, боловсролын хэлтсээр дамжуулан тарааж байгаа. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчдын суудлын хуваарийг өчигдрөөс эхлэн олгож эхэлсэн. Энэ жилийн ЭЕШ-д орохоор 25813 шалгуулагч бүртгүүлсэн. 19300 нь энэ жил 12 дугаар анги төгсч буй сурагчид, үлдсэн нь өмнөх жилүүдэд ерөнхий боловсролын сургууль төгсөгчид байгаа юм.

-25813 шалгуулагч бүртгүүлсэн нь урьд өмнөх жилүүдээс харьцангуй цөөн байна. Энэ ямар учиртай вэ?

-Энэ жил Монгол Улсын ерөнхий боловсролын систем 12 жилийн тогтолцоонд бүрэн шилжиж буй анхны жил. Тиймээс ч анхны 12 дугаар анги төгсөгчид урьд өмнөх жилийнхээс цөөн байгаатай холбоотой.

-Монгол хэл бичгийн шалгалтандаа 400-гаас бага оноо авсан бол дараагийн ЭЕШ-д орох боломжгүй  болох уу?

-Ер нь бол тийм. Гэхдээ бид энэ жилийн хувьд монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ шалгалтыг анх удаа авч байгаа учир шалгуулагчдад боломж олгох үүднээс гуравдугаар сарын 21, дөрөвдүгээр сарын 25-ны өдрүүдэд шалгалт авна. Эхний шалгалтад 400-аас доош оноо авсан бол хоёр дахь удаагийн шалгалтад орох боломжтой. Давтан шалгалтад оноогоо гүйцээгээгүй тохиолдолд ЭЕШ өгөх боломжгүй гэсэн үг.

Өмнөх жилүүдийн ЭЕШ-ын туршлагаас үүдэн шалгалтад орох гэж буй хүүхдүүдэд анхааруулах зүйл юу байна вэ?

-Шалгалтад орохдоо бичиг баримтын бүрдүүлэлтдээ л онцгой анхаарах ёстой. Энэ жил ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа хүүхдүүдийн хувьд бүртгэлийн хуудас, суудлын хуваарь хоёр хамт хэвлэгдсэн байгаа. Тэрхүү хуудсаа баталгаажуулсан байдлаар авч очих ёстой. Хоёрдугаарт, иргэний үнэмлэх зайлшгүй хэрэгтэй. Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй хүүхдүүдийн хувьд суралцаж буй сургуулийн захирлын тодорхойлолт байх ёстой. Захирлын тодорхойлолтод зураг заавал байх юм. Өмнөх оны төгсөгчдийн хувьд баталгаажсан бүртгэлийн хуудас, суудлын хуваарь бүхий хуудас, иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэрчилгээ гэсэн дөрвөн төрлийн баримт бүрдүүлж байж шалгалтад орох ёстой.

Урьд нь шалгуулагчдын зүгээс цаг минутаа дутуу тооцсон гэх мэт янз бүрийн шалтгаануудаар гомдол гаргадаг энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Энэ жилийн ЭЕШ-ыг 37 шалгалтын байранд зохион байгуулна. Нийтдээ таван мянга орчим багш нар ажиллана. Эдгээр байранд ЭЕШ-ыг ил тод, нээлттэй , шударга зохион байгуулах үүднээс эхнээс нь камержуулж байна. 2006 оноос өнөөг хүртэлх ЭЕШ-ын зохион байгуулалт улам бүр сайжирсаар байгааг хэлэх хэрэгтэй байх. Сүүлийн хоёр жил зохион байгуулалттай холбоотой гомдол санал гараагүй. Харин шалгуулагчдын зүгээс өөрсдийн дүн оноотой санал нийлэхгүй гомдоллох тохиолдол цөөнгүй гардаг. Ийм тохиолдолд ЭЕШ-ын дүн оноо гарснаас хойш ажлын тав хоногийн дотор шалгалтын эх материалыг нь танилцуулдаг. Ингэхдээ шалгуулагчийн эцэг эх, багшийг нь хамт байлгадаг. Өнөөдрийг хүртэл Боловсролын үнэлгээний төвөөс дүн оноог буруу зөрүү гаргаж, шалгуулагчийг хохироосон тохиолдол гарч байгаагүй.

-Энэ жилийн ЭЕШ хэдэнд вэ?

-Зургадугаар сарын 18,19, 21-ний өдрүүдэд ЭЕШ-ыг улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button