Шил шилээ дагасан айлчлалын үр дүн юу вэ
Төрийн өндөрлөгүүд ээлж дараалан гадаадад айлчлал хийж байна. Ар араасаа дагасан гадаад айлчлалаас үр дүн нэг их харагдахгүй байна. Уг нь тэд ирээд ерөнхий мэдээлэл өгдөг ч улс оронд хэрэгтэй чухал шийдвэрүүд нь барагтай л мэдэгдэхгүй.
Саяхан л гэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын дараагаар залгаад л УИХ-ын дарга гадаад айлчлал хийгээд ирсэн. Мөн арлын Япон улс руу Ерөнхий сайд айлчлаад ирсний дараахан л УИХ-ын дарга З.Энхболд явсан. Нэг нь нэгнийхээ ажлыг шалгах гэж явсан юм шиг нэг л асуудлаараа давтаад уулзаад ирсэн байдаг.
Ер нь төрийн өндөрлөгүүдийн айлчлалын бүрэлдэхүүнд тухайн салбарын сайд дарга нар, мөн тухайн орны парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүд, албаны хүмүүс, сэтгүүлчид гээд 50-60 хүний бүрэлдэхүүнтэй явдаг. Мэдээж ямар хэмжээний айлчлал гэдгээс айлчлалын бүрэлдэхүүний тоо гарна л даа. Заримдаа 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй айлчлал ч бий.
Төрийн дээгүүр алба хашиж байгаа хүн бүхэн л гадаадын аль нэг улс руу ажлын айлчлал хийх нь бий. Гэтэл АНУ-ын Конгрессийн гишүүдийн 70 хувь нь гадаадад айлчлал, ажлаар явж үзээгүй байдаг аж. Энэ талаар Гадаад харилцааны сайд асан Л.Болд “Дэлхий дээр улс орон хөгждөг жаяг байна. Улс хөгжье гэвэл эхлээд танигдах ёстой, дараа нь нь харилцан хөрөнгө оруулалт явагдах ёстой” гэсэн байдаг. Тэгэхээр төрийн өндөрлөгүүд маань зөвхөн улсаа таниулахын тулд айлчлал хийгээд байгаа юм болов уу.
Улсаас хэчнээн төгрөгийн төсөв зардал гараад явдаг айлчлалаас ихээхэн хэмжээний үр дүн харахыг хүсэх хүмүүс их бий гэдэг нь ойлгомжтой. Төрийн өндөрлөгүүд хэчнээн хэмжээний томилолтоор айлчлал хийдэг талаар харахаар Шилэн дансны сайтыг ухсан боловч олж харсангүй. Ойр ойрхон шил шилээ дарсан айлчлал хийдэг төрийн өндөрлөгүүдийн томилолт төрийн нууцад хамаардаг гээд тавигддаггүй гэнэ. Харин дагаж явсан хүмүүсийн томилолтын зардал гармаар юм. Ерөнхийлөгчийн айлчлалд Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнуудаас зөвхөн хэвлэл мэдээллийн ажилтан багтсан гэнэ. Түүний томилолт таван сая төгрөгөөс бага учир Шилэн дансны сайтад тавигдаагүй аж.
Харин УИХ-ын гишүүдийн томилолтын зардал Шилэн дансаар мэдээлэгджээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Ганбат, Ё.Отгонбаяр нарын гишүүд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад ажиллах томилолт, тийзний зардалд тус бүр 5 сая 520 мянга 984 төгрөгийг УИХ-ын гишүүний төсвөөс гаргажээ.
Мөн УИХ-ын гишүүн Н.Батбаяр Сингапур улсад ажиллах томилолт гэж 5 сая 110 мянган төгрөгийг гаргажээ.
Ямартай ч төрийн өндөрлөгүүд гадаад айлчлалынхаа үр дүнг ард түмэндээ дэлгэрэнгүй сайн танилцуулахгүй бол мөнгө үрлээ, гадагшаа зугааллаа гэсэн шүүмжийг хэлээд л байх болно шүү, иргэд чинь.
Уг нь Монгол Улсын төрийн гурван өндөрлөг ар араасаа очиж байгаа айлчлал бол өндөр хэмжээнийх байж таарна. Гэтэл Монгол Улсад харагдахаар бодитой зүйл алга.
olloo.mn