Иргэд биологийн цагийг урагшлуулах асуудалд байр сууриа илэрхийлж байна
Нарны энергийг боломжтой үед нь түлхүү ашигласнаар цахилгаан эрчим хүчийг хэмнэх зорилгоор манай улс 1983, 1985, 2001 онд Засгийн газрын тогтоолоор гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гараг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулж байсан. Энэхүү тогтоол нь 1999 оныг хүртэл 14 жил хэрэгжсэн бөгөөд 1999 онд хүчингүй болж, Засгийн газрын 2001 тогтоолоор дахин зуны цаг тооллыг мөрдөж эхэлсэн байдаг. Гэвч 2005 онд Засгийн газраас уг тогтоолыг дахин хүчингүй болгож байсан юм байна.
Гэвч цагийг ингэж урагшлуулснаар байгалийн эрчим хүчийг ашиглах нь эрчим хүч хэмнэх, тариа ногоо тарих болон хувийн аж ахуй эрхлэх, үйлчилгээний байгууллагад үйлчлүүлэгчдийн тоо өсөх зэрэг эерэг боломжийг олгодог байна.
Иймээс саяхны Засгийн газрын хуралдаанаар жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гаригаас Бямба гаригт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд буюу энэ сарын 27-28-нд шилжих шөнө Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээний эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтсон.
Тэгвэл байгалийн цагийг урагшлуулснаар нь эдийн засагт хэмнэлт авчирах ч, цагийг ийнхүү зохиомлоор өөрчлөх нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, био хэмнэл нь алдагдан улирлын чанартай өвчлөл үүсгэдэг хэмээх эмч эрдэмтэн нар дуу нэгтэй хэлж байна.
Дэлхийн улс орнуудад эдийн засгийн хэмнэлтийн талаарх олон судалгаа байдаг бол, манай улсад 1998 онд хийсэн судалгаагаар зуны цагийн тоололд шилжих 4-9 дүгээр сарын хооронд байгалийн гэрэлтэй цагийг илүү ашигласнаар жилд дунджаар 23 орчим сая квт.цаг цахилгаан эрчим хүч хэмнэгддэг болохыг тогтоосон юм байна. Мөн иргэд ажлаасаа эрт тарж, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг нэмэгддэг нь таатай хэмээн үздэг.
Ийнхүү олон удаа хүчингүй болгон, мөн сэргээж ирсэн энэ шийдвэр өөрөө тун маргаантай байдаг. Харин энэ удаа Засгийн газар эдийн засгийн бодит хэмнэлт гардгийг нь илүүд үзэн цагийг өөрчлөх шийдвэрт хүрсэн юм.
Тэгвэл энэ талаар биохэмнэл судлалын чиглэлээр судалгаа хийдэг Эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, академич Л.Лхагва: “Хоногийн цагийг гэнэт урагшлуулж, хойшлуулах нь бие махбодын дасан зохицох чадвар, улмаар биохэмнэлийн нийлэмжийг зориудаар алдагдуулж, дасан зохицлын эмгэг үүсэхэд хүргэдэг. Хаврын улиралд орчлонгийн жам ёсоор өдөр 1-2 минутаар уртассаар нэг цагийн зөрөө гарахад 30 гаруй хоног шаардагддаг бөгөөд энэ жам ёсонд хүн ямар ч зовиур, шаналгаагүйгээр дасдаг. Намрын цагт ч бас л нэг хоёр минутаар өдөр богиноссоор нэг цагийн зөрүү гарах нь 40 гаруй хоногийн дараа болдог. Гэтэл бид энэхүү дасан зохицох зүй тогтлыг огт хайхрахгүй, дураа хүрэхээр цагийг гэнэт урагшлуулж, хойшлуулдаг нь стрессийн цочмог нөлөө, сэтгэл түгшлийн хүнд дарамт, сэтгэл санааны тавгүйтэл бий болгож байгаа юм. Энэ нь хүний биеийг хямраана, өвчлүүлнэ, үхэлд хүргэнэ. Үүнийг шинжлэх ухаанаар батлаад байна. Хүүхэд өглөө босохдоо нэн хойрго болж нойрмоглох, сурагчдын анхаарал сарнин, хайхрамжгүй болж, дүйнгэтэх, хичээл дээр унтах, юм ойлгох чадвар нь мууддаг. Ялангуяа хүүхдийн дархлааны тогтолцоо төгөлдөршиж амжаагүй байдаг учраас биеийн эсэргүүцэл илт суларч, өвчлөмтгий болно” хэмээн байр сууриа тодорхой илэрхийлсэн юм.
Иймээс дээрх асуудалтай холбоотойгоор иргэдийн байр суурийг сонирхлоо.
Иргэн С.Хишигдулам:
-Засгийн газраас энэ сарын 27-28-нд шилжих шөнө цаг урагшлуулна гэж сонссон. Манай ажил гэр хоёр хоорондоо хол. Тийм болохоор би гэрээс 06.00 цаг өнгөрч байхад гэрээс гараад орой 19.00-20.00 цагийн хооронд харьдаг хүн шүү дээ. Тийм болохоор телевизийн мэдээ үзэх зав байдаггүй. Монголчуудын амьдралын цагийн хэмнэл ийм л байгаа болов уу. Энэ нь батлагдчихсан юм уу. Би хувьдаа байгалийн цагийг урагшлуулахыг дэмжихгүй байна. Тэгэхээр үүрийн 5.00 цагт босож, гэрээсээ гарна гэсэн үг шүү дээ. Тэртээ, тэргүй дулааны улиралд өдөр уртасдаг.
Өмнө нь төрийн албан хаагч нарын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан даа. Тэр нь үр дүнгээ өгч байгаа юм уу. Замын түгжрэл буурсан санагдахгүй л байна шүү.
Иргэн Б.Батжаргал:
-Над шиг эрт босдог хүний хувьд цаг урагшлуулах нь зүгээр. Угаасаа би эрт босдог. Орой ажлаасаа эрт тараад ирчихвэл гэр бүлдээ зарцуулах цаг маань нэмэгдэнэ. Оройн цагаар их ажил амжуулах нь гэж бодоод байна. Түүнээс бус эдийн засгийн хэмнэлт авчирдаг үгүйг мэдэхгүй юм. Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд л жаахан хүнд байх болов уу.
Иргэн П.Даваа:
-Би оюутан. Одоо дадлагын ажил эхэлчихсэн байна. Цаг урагшлуулахыг хувьдаа дэмжихгүй байна. Үнэхээр ингэж цагаа урагшлуулах байсан бол өмнө нь хичээл сургуулийн эхлэх цагийг өөрчлөх хэрэг байсан юм уу. Дэмий зүйл хийж байгаа юм шиг санагдаж байна.
Иргэн Э.Эрдэнэтуяа:
-Цаг урагшлуулах нь эдийн засгийн үр нөлөөтэй байж болох ч биед муу гэж сонссон. Гадны орнуудад сүүлийн жилүүдэд цаг урагшлуулах асуудалд нэг их ач холбогдол өгөхөө байсан гэж сонссон. Тэгэхээр өдөр уртсаж байгаа энэ үед цаг урагшлуулаад ашиг гарах юм уу. Дэмий л санагдаж байна даа.
Иргэн Г.Мөнхболд:
-Цагийг урагшлууллаа гээд асуудал үүсэхгүй байх. Өглөө эрт бослоо гэхэд орой нь эрт унтана. Яг л адилхан. Хөдөө малтай хүмүүсийн хувьд цагийг урагшуулсан, урагшлуулаагүй тэд босдог цагтаа босоод хийдэг ажлаа хийнэ.
olloo.mn