Гадны оронд манай иргэд хохирсон маш ойрхон гурван ч хэрэг гарлаа
Үнэхээр ийм сэдэвтэй мэдээ мэдээлэл бэлтгэж, олон нийтэд хүргэхийг хүсэхгүй байна. Гэвч Монгол бүсгүйчүүд гадны оронд хохирсон маш ойрхон гурван ч удаагийн тохиолдол бүртгэгдээд байхад яаж ч чимээгүй өнгөрөөж болохооргүй санагдлаа. Энхтуяа гэх бүсгүй Малайзад учир битүүлгээр амиа алдсан хэргийн чимээ намжаагүй байхад дахин хоёр ч Монгол бүсгүй амиа алдсан мэдээ хүлээн авахад эмзэглэхээс аргагүйд хүргэж байна.
Монгол бүсгүйн эрхэнд халдлаа
2015 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын иргэд хоёр эмэгтэйг мансууруул, хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг АНУ-ын Виржиния мужийн Бурке хотод гарсан байна. Хэргийг Фэйрфакс хотын Цагдаагийн газраас шалгаж байгаа аж. Мөн хэрэгт холбогдолтой гэх сэжигтнүүдийг саатуулан байцааж байгаа гэнэ.
Энэ талаар Гадаад харилцааны яамнаас “Хохирогчдын биеийн байдал хэвийн. Тэдэнд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам болон Виржиния мужийн Фэйрфакс хотын Цагдаагийн газрын Хохирогчдод дэмжлэг үзүүлэх хэлтсээс шаардлагатай туслалцаа дэмжлэгийг үзүүлж байгаа" гэж мэдэгдлээ.
Мөн Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам хэргийг хурдан шуурхай шалган шийдвэрлүүлэх чиглэлээр Виржиния мужийн Фэйрфакс хотын Цагдаагийн газар болон хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчтай тогтмол холбоотой ажиллаж байгаа аж.
Францын Пираго хотод гурван Монгол залуу зам тээврийн осол гаргаж, улмаар амиа алдсан хэрэг энэ оны эхээр гарч байсан. Тэгвэл тус хотод бас нэг Монгол хүн амь насаа алдсан хэргийн талаар хэвлэлүүд мэдээлэх боллоо.
Тодруулбал, манай улсын иргэн М гэх эмэгтэй бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарчээ. Харин энэ хэрэгт манай улсын нэг иргэнг сэжиглэн шалгаж байгаа талаар мэдээлэл байна.
Одоогоор Францид суух Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яамнаас талийгаачийн ар гэрийнхнийг Пираго хотод аваачиж, оршуулгын ажлыг зохион байгуулж байгаа талаар мэдээлсэн байна. Мөн тус улсын цагдаагийн газартай хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хамтран ажиллаж байгаа аж.
2015 оны гуравдугаар сарын 17-18 шилжих шөнө БНХАУ-ын Эрээн хотын нутаг дэвсгэрт Монгол Улсын иргэн бусдад хорлогдсон байдалтай олдлоо гэх мэдээлэл Консулын газар иржээ.
Энэ талаар тухай үед Гадаад хэргийн яамны Консулын газраас “Бид “Эрээн хотын нэгэн дүүрэгт Монгол Улсын иргэн амиа алдсан байж болзошгүй байна” гэх мэдээллийг аваад байна. Гэхдээ хэн болох, ямар учраас амь насаа алдсан эсэх нь тодорхойгүй байна. Одоогоор хэргийг шалгаж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариултыг өгч байв.
Чухам хэн болох ямар шалтгааны улмаас амиа алдсан нь өнөөдөр ч тодорхойгүй байна. Бидэнд үүнийг тодруулах хүсэл байсангүй. Харин бүсгүй ар гэрийнхнийг Эрээнд аваачсан талаар албан бус мэдээлэл байгаа юм.
Тэгвэл бүсгүйн аминд хүрсэн этгээдийг Хятад улс даяар эрэн сурвалжилж, сэжигтэн этгээдийг саатуулсан тухай албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.
Тодруулбал, Монгол Улсаас Эрээн хотод суугаа консулын газрынхан БНХАУ-ын Консулын газрынхан болоод цагдаа нар уулзаж, хэргийн талаар мэдээлэл солилцсон байна. Энэ үеэр Хятадын талаас сэжигтэн этгээдийг мянга гаруй километрийн цаанаас баривчилсан. Мөн хэргээ хүлээсэн талаар хэлсэн байна.
Энэ бүх мэдээллийг сонсож, хүлээн авахад үнэхээр хэцүү. Гэвч гараад өнгөрсөн эдгээр гэмт хэргүүдээс сэрэмж авч, гадны улс оронд ажиллаж, амьдарч байгаа бүсгүйчүүд, охидууд минь анхаарал болгоомжтой байхыг хүсье.
Olloo.mn