Машин ачигч компаниудын хууль бусаар хураан авсан 647 сая төгрөгийг буцаан төлүүлнэ

ШӨХТГ-ын даргын тушаалаар зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх болон дугуй түгжихтэй холбоотой Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийвэр нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтад Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг дарга, түүний тамгын газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал,“Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ болон тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх, дугуй түгжих үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд хамрагдав. Хяналт шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрчээ. Тодруулбал Нийслэлийн  удирдлагууд хууль бусаар шийдвэр гаргаж  машинаа ачуулсан иргэдийн төлөх мөнгөний хэмжээг 70-80 мянган төгрөг байхаар тогтжээ.

Харин энэ нь холбогдох хууль журмыг зөрчсөн хэрэг болжээ. Учир нь энэхүү мөнгөний  хэмжээг ЦЕГ-ын дарга тогтоож  өгөх ёстой байжээ. Тиймээс энэ хугацаанд хураагдаж, ачигдсан 9230 тээврийн хэрэгслийн төлбөр болох 647.710.000 төгрөгийг хууль бусаар хураан авсан гэж үзээд эргүүлж төлөх ёстой хэмээн Нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлжээ. Мөн түүнчлэн Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид хууль бус шийдвэр гаргаж дугуй түгжигч компаниудыг үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрчээ. Иймд цаашид дугуй түгжигч компаниудын үйл ажиллагааг зогсоохоор шаардлага хүргүүлсэн байна. Ингээд энэ талаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханаас тодрууллаа.

-Шаардлага хүргүүлээд байгаа юм чинь иргэдэд мөнгийг нь буцаан олгуулна гэж ойлгож болох уу?

-Манайх яг мөнгө олгуулдаг газар биш. Зөрчлийг илрүүлж шаардлага хүргүүлээд дараагийн байгууллагад шилжүүлдэг. Иргэдийн эрх ашиг зөрчигдсөн учраас мөнгийг буцаан олгох ёстой. Иргэд өөрсдөө шүүхэд хандан буцаан авч болно.

 -Хууль  бус шийдвэр гаргаж иргэдийн машины дугуйг түгжих эрх олгосон  хүмүүст хариуцлага хүлээлгэхээр шаардлага хүргүүлсэн гэсэн. Ямар арга хэмжээ авах бол?

-Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдэд захиргааны хариуцлага ноогдуулна. Энэ нь цалингийн тодорхой хувиар торгодог. Тодруулбал 960 мянган төгрөгийн торгууль ноогдуулна гэсэн үг.

 – Дугуй түгжигч компаниуд цаашид ажиллахгүй гэж ойлгож болох уу?

-Энэ нь хууль бус учраас зогсоох ёстой. Манай зүгээс шаардлагаа хүргүүлсэн.

 -Машин ачигч 15 компани цаашид үйл ажиллагаагаа явуулах уу?

-Зөрчилөө арилгаад  үйл ажиллагаагаа явуулна. Гэхдээ иргэдийг хохиролгүй болгох ёстой. Цаашид эдгээр компаниуд замын цагдаа байхгүй үед машин ачих ёсгүй. Замын цагдаагийн зөвшөөрлөөр машиныг ачиж явах учиртай. Үгүй бол хууль бус гэж үзэж иргэдэд мөнгийг буцаан олгох ёстой.

 Б.Сансартуяа

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button