НДЕГ арилжааны банкуудын чөлөөтэй өрсөлдөх эрхийг хязгаарлажээ
ШӨХТГ-аас даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын санд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчид илэрчээ. Үүнд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Тэтгэврийн даатгалын нэрийн дансны тухай хууль”-ийг энэ хугацаанд огт хэрэгжүүлээгүй байжээ. Түүнчлэн Тэтгэврийн даатгалын нэрийн дансыг огт мөнгөжүүлээгүй байсан байна. Ингэхдээ хоосон бичилт хийж байсан нь шалгалтаар илэрчээ. Мөн НДЕГ-аас арилжааны банкуудад чөлөөтэй өрсөлдөх эрх олгоогүй байна. Энэ нь хэрэглэгчийн сонгох эрхийг зөрчсөн үйлдэл болжээ.
Иймд ШӨХТГ-аас даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, аривжуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, холбогдох дүрэм, журмуудыг хууль тогтоомжид нийцүүлэх, Даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх, сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг байршуулахдаа банкуудад чөлөөтэй өрсөлдөх боломж, нөхцөлөөр хангаж, сонгон шалгаруулалт явуулах шаардлагыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлжээ.
Мөн банкинд сангийн чөлөөт үлдэгдлийг хадгаламж, харилцах хэлбэрээр байршуулахдаа тэтгэврийн зээл, хүү, шимтгэл, үйлчилгээний нөхцлийн талаар илүү тааламжтай нөхцөл санал болгосон арилжааны банктай хамтран ажиллах, тэтгэвэр авагчдад банкаар дамжуулан өндөр хүү, шимтгэлтэйгээр зээл олгож байгаа байдлыг цаашид өөрчилж, илүү тааламжтай шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох асуудлыг судлан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
olloo.mn