Яамдууд Шилэн дансны хуулийг хэрхэн хэрэгжүүлж байна вэ

Эргэлзээ тээнэгэлзэл, хардлага сэрдлэгийг халах зорилготой Шилэн дансны хууль хэрэгжээд гурван сарын нүүр үзэж байна. Энэхүү хуулийн төсөл төрийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаа, хөрөнгө мөнгөтэй холбоотой бүхий л ажлууд яг л шилэнд байгаа мэт ил тод, нээлттэй болох ёстой. Гэтэл үнэндээ төрийн байгууллагууд Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх нь дутмаг байна.

Зарим төрийн байгууллагууд нэг ч удаа орлого, зарлагаа бичээгүй байгаа нь хуулиа хэрэгжүүлээд байна уу, хэрэгжүүлэхгүй байна уу гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Хэрэгжүүлж байгаа гэхэд санхүүгийн тайлангийн шивэлт байхгүй, хэрэгжүүлээгүй гэхээр таван сая төгрөгөөс дээш гүйлгээ хийгдээгүй юм болов уу гэж бодохоор.

Ямартай ч яамд Шилэн дансны хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгааг харъя.

-Байгаль орчин ногоон хөгжлийн яам- Байгаль орчин аялал жуулчлалын яамны гүйлгээнүүд ихэвчлэн “ITB Berlin-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн арга хэмжээнд зарцуулагджээ.

Энэ арга хэмжээнд зориулж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас нэгдүгээр сард бэлтгэл ажлын төлбөр болгож Аялал жуулчлал-Ирээдүй ТББ-д нэг тэрбум 729 сая төгрөг шилжүүлжээ. Харин хоёрдугаар сарын 24-нд мөн тус ТББ-руу дахин 349 сая 817 мянгыг шилжүүлсэн бол хоёрхон хоногийн дараа нэг тэрбум 740 сая 183 мянгыг нэг удаа, 879 сая 393 мянга 700 төгрөгийг шилжүүлсэн байна. Ингээд нийтдээ гурван тэрбум 819 мянгыг ITB Berlin үзэсгэлэнгийн арга хэмжээнд зарцуулжээ.

Уг арга хэмжээний үеэр хандивын арга хэмжээ зохион байгуулсан ч ямар хэмжээний хандив орж ирсэн нь тодорхойгүй байна. Ямартай ч Байгаль орчин, Ногоон хөгжил аялал жуулчлалын яаманд орж ирсэн нь алга.

Түүнчлэн тус яам мөсний баярын арга хэмжээнүүдэд зардал гаргасан байна. Тухайлбал, энэ сарын 2-нд Элчит тэнгэр гал ТББ руу 6 сая төгрөг, Хөвсгөлийн Аялал жуулчлал эрхлэгчдийн Холбоо ТББ руу 10 сая төгрөгөөр зарлагын гүйлгээ хийсэн байна. Мөн тэмээний баярын арга хэмжээнд зориулж Гайхамшигт Говь АЖХолбоо руу 6 сая төгрөг шилжүүлжээ.

Гадаад хэргийн яам- Шилэн дансны хуулийг гайгүй хэрэгжүүлж байгаа яамдын нэг. Энэ яамнаас гарч байгаа зардал ихэвчлэн гадаад томилолт байна. Гадаад хэргийн гэсэн утгаараа ч гадаад ертөнцтэй харилцах нь их байдаг байх. Тухайлбал нэгдүгээр сард Давосын Эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон томилолтын зардал хоёр хүний томилолтод 16 сая 606 мянга 440 төгрөг, АСЕМ-ийн бэлтгэл ажлын томилолтын зардал 1 хүн 7 сая 573 мянга 320 төгрөг, Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн бэлтгэл ажлын томилолтын зардал 7 хүнд 24 сая 260 мянга 745 төгрөгийн гүйлгээ хийжээ.

Хоёрдугаар сард томилолтын зардал гэж нэг удаа 12 сая 342 мянга 60 төгрөг, мөн дахин 10 сая 920 мянга 670 төгрөг, НҮБ-ын Зэвсэг хураах олон улсын бага хурлыг Монгол улс даргалахтай холбоотой асуудлаарх бага хуралд оролцох томилолтын зардал 2 хүнд 23 сая 755 мянга 985 төгрөг зарлага хэлбэрээр гарсан байна. Харин гуравдугаар сард 31 сая 579 мянга 800 төгрөгийн томилолтын зардал гарчээ. Түүнчлэн Олон улсын байгууллагын гишүүний татвар гэж 19 сая 900 мянган төгрөг төлсөн байх юм. 

Сангийн яам-Шилэн дансны хуулийг хамгийн сайн хэрэгжүүлэх яам бол мэдээж Сангийн яам. Тус яам хамгийн үлгэр жишээ байх ёстой. Гэтэл тийм ч сайн хэрэгжүүлээгүй байна. Учир нь нэгдүгээр сард л гэхэд таван саяас дээш ямар ч орлого, зарлагын гүйлгээ хийгдээгүй юм уу гэлтэй шивэлт алга. Харин хоёрдугаар сард сувгийн түрээсийн төлбөрт 129 сая 958 мянга 700 төгрөгийг Мэдээлэл холбооны сүлжээ ХХК болон Исатком руу шилжүүлжээ. Мөн гуравдугаар сард 58 сая 872 мянга 110 төгрөгийг зарлагадсан байна. 

Сувгийн түрээс гэдэг нь санхүүгийн мэдээллийн сүлжээний төлбөр аж. Бүх аймаг, дүүрэг болон 300 гаруй сумдад санхүүгийн онлайн сүлжээ байдаг гэнэ. 

Мөн сайдын Японы айлчлалын буцаалт гэж 10 сая 955 мянга 290 төгрөг орлого хэлбэрээр оржээ. Гэсэн хэдий ч гуравдугаар сард сайд болон хамт явах 2 хүний тийзний үнэ болох 8 сая 73 мянга 800 төгрөгийг буцааж тушаагдаагүй байх юм. Энэ талаар холбогдох хүнээс тодруулахад сайдын Японд хийх айлчлал хойшлогдсон учраас буцааж тушаасан. Харин тийзний үнэ нь дараагийн айлчлалд хэрэглэгдэх учир буцаагаагүй гэсэн хариуг өгсөн юм. 

Барилга хот байгуулалтын яам- Тус яам хуулийн хэрэгжилтийг хоёрдугаар сараас эхлэн хэрэгжүүлж эхэлжээ. Аль эсвэл нэгдүгээр сард таван саяас дээш гүйлгээ хийгдээгүй юм болов уу гэмээр тодорхойгүй байна. Барилга хот байгуулалтын ажил хариуцсан яам болохоор бүтээн байгуулалтын ажилд ихээхэн мөнгө зарцуулжээ. Тухайлбал, Их Модун ХХК-ны гүйцэтгэл №6-ийн барьцаа, техник хяналт гэсэн гүйлгээний утгатай 76 сая 553 мянга 169 төгрөгийг гаргасан байна. Мөн Баянхонгор аймгийн ЗДТГ-т 30 сая 621 мянга 268 төгрөгийг зарлагаджээ. Түүнчлэн АХБ-ны тусламжаар Замын Үүдэд хэрэгжсэн ажлын гүйцэтгэл хэмээн 300 сая 674 мянга 317 төгрөгийг “Хангилцаг” ХХК руу шилжүүлжээ. Энэ мэтчлэн төрөл бүрийн төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад зарлага гаргасан байна. 

Батлан хамгаалах яам-Улсын аюулгүй батлан хамгаалах стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах үүрэгтэй тус яам Шилэн дансны хуулийг сайн хэрэгжүүлж байна. Тус яамнаас гарч байгаа ихэнх зардал дугаар ангиудын цахилгаан дулааны үнэ, хоол хүнсний зардлууд болон цэргийн тэтгэмж байна. Харин нэг сонирхол татсан зүйл бол хувь хүнээс тус яаманд автомашины үнэ гэж 10 сая төгрөг орж иржээ. Энэ нь тус яамнаас хувь хүнд машин зарсан юм болов уу гэж хардахаар. Тиймээс холбогдох албаны хүнээс тодруулахад тусгай нууц тушаалаар актлагдсан хуучин байлдааны зориулалттай машиныг задлан сэлбэг маягаар зарсан мөнгөн дүн гэсэн тайлбарыг өглөө.

Үргэлжлэл бий.

Г.Сүрэн

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button