Ирэх наадмаас урьтаж, Төв цэнгэлдэхийн асуудлыг шийдээч

Нийслэл хотоо өнгөтэй өөдтэй, эмхтэй цэгцтэй болгох гэж хотын удирдлагууд хэрэндээ л хичээж байна. Төлөвлөгөөний дагуу байшин барилгаа барьдаг болж, өмчөө хувь, улсынхаар нь ялгаж бишгүй ажлыг хийж буй. Томоохон  төвүүдийнхээ “учрыг олж”, байх ёстой байршлыг нь тогтоож, заримыг нь нүүлгэхээр, заримыг нь шинээр төвхнүүлэхээр их бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Мэдээж, энэ бүх ажлын нэг нь Хүй долоон худагт сүндэрлэн босож буй “Монгол наадам цогцолбор” юм. 

Эрийн гурван наадмаа нэг дороос – “Монгол наадам цогцолбор”

Иргэд эрх баригчдын хуурамч үг, хэлэхээс биш хийдэггүй занг шүүмжилдэг ч гэлээ нүдэн дээр энэхүү цогцолбор өндийсөөр, боссоор байна. Иймээс тус газрыг хариуцах “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ хүртэл байгуулагдаад багагүй хугацааг үдэж буй юм. Тус байгууллага нь үндэсний баяр наадам олон нийтийн олон болон тив, дэлхий олон улсын чанартай арга хэмжээнүүдийг зохион байгуулах үндэсний бахархалт цогцолбор болгох болгох зорилготой.Улаанбаатар хотын төв цэгээс баруун тийш 35 км зайд Сонгино хайрхан дүүргийн төмөр замын “Давааны зөрлөг” орчим Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт хүй долоон худгийн хөндийд 4800 га талбайн 960 га талбайд бүтээн байгуулалт хийх. Эхнээсээ ч хийгдээд эхэлчихсэн. Үүнд ард түмэн ам сайтай буй. Учир нь Нийслэлчүүд төдийгүй хөдөө орон нутгаас ирсэн иргэд жилд ганц болдог Эрийн гурван наадмаа үзэх гэж хоорондоо хол зайтай,  морь үзэх гэж Хүй долоон худаг, бөхөө үзэх гэж Төв цэнгэлдэх хүрээлэн оодог,  дээр нь багагүй цаг хугацаа алдаж, мөнгө ч их зарцуулдаг байсан. Хэрэв “Монгол наадам цогцолбор” бүрэн бүтнээрээ сүндэрлэчихвэл бид Үндэсний бөх, хурдан морины уралдаан нум сум харваа гээд үзэж харах бүхнээ нэг дороос үздэг болно. Яагаад энэ бүхнийг гэнэт сөхөв хэмээн уншигч та бодож байж болох. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч байна. Хавар ч хаяанд ирчихлээ. Тэгэхээр иргэдийнхээ тав тухыг бодож, цаг хугацааг хэмнэсэн уг цогцолборын бүтээн байгуулалтыг цаг алдалгүй хийж ирэх долдугаар сарын наадмаа аятай тухтай орчинд нэг дороос үзэхийг хүссэндээ сануулж байна. 

Мөн жил жилийн наадмаар асуудал болж сөхөгддөг, хуучин муугаараа дуудуулж, хэл ам дагуулж байдаг Төв цэнгэлдэхийн хүрээлэнг анхааралдаа аваасай гэсэндээ ийнхүү бичиж байна. 

“Нүүрээ хичнээн угаавч” сэргэхээ байсан Төв цэнгэлдэх

Өнөөдөр эргэн тойронд нь барилга сүндэрлэж, наадмаа хийх нь битгий хэл хүн алхах зай нь ховордсон, наадам болохоор л нийслэлийн хөрөнгөөс  “хумсалж”, ашгаа өгдөггүй эл газрын асуудлыг нэг тийш нь шийдээсэй. 

Төв цэнгэлдэх хүрээлэнг анх 1959 онд байгуулсан бөгөөд тэр цагаас хойш вандан сандалтай өнөөг хүрсэн. Одоогийн байдлаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувь нийслэлд, үлдсэн 51 хувь нь “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т. Нямдаваагийн мэдэлд байдаг. Нэгэнт эзэмшлийнх нь талаас илүү хувийг хувь хүн эзэмшдэг учраас төр хүссэн хүсээгүй Үндэсний баяраа тэмдэглэх гэж түүнийг царайчлана. Нийслэл 49 хувийг эзэмшдэг гээд Үндэсний баяр наадмаа үнэгүй зохион байгуулах эрх нь үгүй. Дээр нь жил болгон цэнгэлдэх хүрээлэнгийн урсгал зар далд төсвөөс мөнгө өгдөг гэж байгаа. Яг л  “Юм бол бол хойд хар овоохой” Үндэсний баяр наадмаа аятайхан зохион байгуулахын тулд цаад компаниас шаардсан болгоныг нь гүйцэлдүүлдэг гэвэл хилсдэхгүй болов уу. 

Тухайлбал, Өнгөрсөн  жилийн наадмаар гэхэд нийслэлээс гэхэд л 13 мянган ширхэг түшлэгтэй сандал тавьж, энэ ажилд нийт 200 гаруй сая төгрөг зарцуулсан. Мөн зам талбайн цэвэрлэгээний ажилд 24 сая төгрөг зарцуулах жишээтэй. 

Гэтэл  “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК ашиг олох болохоороо өөрөө л хүртэнэ. Янз бүрийн хамтлаг дуучдын тоглолт, шоу зохион байгуулна. Бүр болохгүй бол үхэр ,хонь хүртэл нядлах бойны газар хүртэл болгочихдог. Бас болоогүй ээ, цэнгэлдэх хүрээлэнг түрээсэлж, ашиг олохоос гадна ойр хавийнхаа газрыг ч орлого олох зорилгоор хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд ашиглуулдаг. Харин ээн бүхний ашиг нийслэлийн төсөвт орохгүй, компанийх болдог. Иймэрхүү дүр төрхтэйгөөр олон жилийг элээсэн Төв цэнгэлдэх хүрээлэн улам өнгөө алдан гандсаар байна. 

\

Тэгвэл өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эзэмшлийн асуудал сөхөгдөж, энэ байдлаас гарахын тулд нийслэлийн удирдлагууд эзэмших хувиа нэмэгдүүлэхээр санал нэгдсэн тухай таатай мэдээлэл сонсогдож байв. Үүгээр бол  арав гаруй жилийн турш хувь хүний мэдэлд байсан тус цэнгэлдэх Хотын захиргааны мэдэлд очих юм. гэвч энэ асуудал өнөөдөр таг чиг байна. Иймээс өнөөдөр Нийслэл хөрөнгөө бүртгэж,хувьчлах, эс хувьчлах асуудал яригдаж байгаа энэ үед Төв цэнгэлдэх хүрээлэнгийн асуудлыг анхааралдаа авч, наадмаас урьтаж, шийдмээр юм. 

Дуусдаггүй маргааныг шийдвэрлэж, Хотын захиргаа мэдэлдээ аваач

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хувьчлал, хувь эзэмшлийн талаар олон хурал болж, бүр шүүхээр ч хүртэл талууд заргалдаж явсан гэдэг. Ерөнхийдөө бүх процесс нийслэл, иргэн Т.Нямдаваа, Төрийн өмчийн хорооны дунд өрнөсөн байдаг. Анх 1993 онд тус цэнгэлдэхийг төрийн өмч давамгайлсан компани болгох санал гарчээ. Үүнээс хойш гаргасан тогтоолоо янз бүрийн шалтгаанаар хүчингүй болгосоор Төрийн өмчийн хорооны 2000 оны 31 дүгээр тогтоолоор тухайн үед нийслэлийн эзэмшиж байсан хувиас 19-ийг нь иргэн Т.Нямдаваад өгөхөөр болжээ. Ингэснээр “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийн захирал Т.Нямдаваа 49 хувьд нь эзэн суухаар болж. Төрийн өмчийн хорооноос нийслэлийн эзэмших хувийг нэмэг дүүлэхээр өмнө нь хуулийн байгууллагад хандаж байсан ч тусыг олоогүй аж. 

Уг нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн менежментийг сайжруулах талаар хоёр хэд хэдэн удаа ярилцаж байсан ч дорвитой үр дүнд хүрээгүй талаар хэвлэлүүд тухайн үедээ бичиж байв. Маргаантай асуудлыг цэгцлэхээр НИТХ-ын тогтоолоор Төв цэнгэлдэх хүрээлэнг шалгах ажлын хэсгийг 2006 онд байгуулж байжээ. Ажлын хэсгийнхэн шалгаад ч тусыг эс олсон гэдэг. 

Иймээс нийслэлийн удирдлагууд  энэ жилийн наадмаар нөгөө л бахь байдгаараа маргаантай цэнгэлдэхдээ баярлах уу, үргүй хөрөнгө зарах уу гэдгээ шийдэж,цэнгэлдэхээ газартай нь хамт нийслэл өмчдөө авмаар юм даа.  “Монгол наадам цогцолборт”-оо хөрөнгөө хаях уу, өгөөжөө өгдөггүй цэнгэлдэхээ түших үү гэдгээ эрхтэн шийдэх юм биш үү. 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button