Гэр хорооллыг онилдог христийн шашны сүмүүд
Саяхан болсон НИТХ-ын ээлжит хуралдааны үеэр төлөөлөгч Ц.Одонтунгалаг Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа янз бүрийн шашны сүм, хийдийн тусгай зөвшөөрлийг ямар шалгуураар олгож байгаа болон өнөөдөр яг хэдэн урсгал, чиглэлийн хэдэн сүм, хийд үйл ажиллагаа явуулж байгааг сонирхон асууж байгаа харагдсан. Хэдийгээр баахан тоо хэлж, асуултанд нь хариулсан ч тун хангалтгүй санагдсан юм. Яагаад гэвэл даяарчлагдаж, түүнийхээ хор уршгийг өдөр бүр хангалттай амсаж, дайн тулаан, алан хядах үйл ажиллагааны өмнө толгой бөхийлгөж байгаа дэлхий ертөнцөд шашин хоорондын тэмцэл улам бүр хурцдаж байгаа нь бидэнд ч хамаатай болж эхэллээ. Даяарчлагдаж байгаа дэлхийгээс Монголчууд бид ядаж л хэдэн үеэрээ тахиж, шүтсээр ирсэн буддын шашиндаа үнэнч байснаараа дангаарчлагдан үлдэх учиртай. Гэтэл эдийн засгийн түр зуурын хүндрэл, санхүүгийн хямралаар далимдуулан Улаанбаатарын гэр хорооллуудад шашны янз бүрийн урсгалын сүм хийдийн тоо маш хурдацтай нэмэгдэж байгаа нь буддын шашны үнэнч сүсэгтэн Монголчуудын хувьд маргаашийн эвдрэлцэл, магадгүй хүчирхийлэл өнөөдөр хаалга тогшиж байгаа хэрэг юм.
Өнөөдрийн байдлаар Нийслэлийн нутаг дэвсгэрт 10 орчим шашны төрөл, урсгал чиглэлийг төлөөлсөн, үйл ажиллагаа эрхлэн явуулах зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй нийтдээ 372 сүм хийд, шашны байгууллага байгаа аж. Үүнээс албан ёсны зөвшөөрөлтэй нь 283, зөвшөөрөлгүй 89, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 234 сүм хийдийн тоо гарчээ. Гэтэл нийт сүм хийдийн ихэнх нь буюу 61.3 хувь нь болсон 228 христийн шашны сүм, цуглаанууд байгаа нь анхаарал татаж байна. Тэдний ихэнх нь буюу 239 сүм хийд гэр хороололд үйл ажиллагаа явуулж байгаа нь өнөөдрийнхөө хоолны төлөө буддын шашнаа христийн шашнаар сольж байгаа бүхэл бүтэн давхарга гэр хороололд бий болж байгааг харуулах ноцтой тоо юм. Гэтэл 28.5 хувь болох 106 сүм, хийд нь Монголчуудын олонх нь шүтдэг шашин бурхны шашных байгаа нь анхаарвал зохилтой. Тэгвэл Бөө мөргөлийн зан үйлийн чиглэлээр шашны байгууллагын түвшинд vйл ажиллагаа явуулдаг 22 байгууллага бүртгэгджээ. Мөн Католик шашны долоог байгууллага нийслэлийн Багануур, Налайх, Чингэлтэй дүүргээс бусад дүүрэгт ажиллаж байгаагийн сацуу “бусад” буюу бахай шүтлэг, мүүн, шинто, хинди шашныг төлөөлсөн таван байгууллага байдаг гэнэ.
Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдийн хамгийн их буюу 41.3 хувь нь Баянзүрх,21.5 хувь нь Сүхбаатар, 17.3 хувь нь Баянгол, 14.0 хувь нь Чингэлтэй дүүрэгт байгаа аж.Тоологдсон гурван сүм тутмын хоёр нь нийслэлийн гэр хороололд төвлөрч байгаа нь ядуурал ихтэй, амьжиргааны түвшин доогуур гэр хорооллын иргэдийг гадны шашинд урвуулж, нэг ёсондоо ходоодоор нь дамжуулан хожмын өдөр ихээхэн уршиг тарих хорт ургамал чимээгүйхэн ургаж байгаа бусармаг ажиллагаа мөн. Ялангуяа Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт сүм хийдийн 80 шахам хувийг гэр хороололд байршилтай сүм хийд эзэлж байгааг нэг тийш зохицуулах, тэдний тусгай зөвшөөрлүүдийг ч эргэж харах цаг болжээ.
Шашин хоорондын мөргөлдөөн, дэлхий даяар аймшиг учруулсаар байгаа Исламын шашны бодит аюул заналыг тооцож үзсэн ч гуравхан сая хүнтэй, асар өргөн уудам газар нутагтай Монгол Улсын хувьд шашны сүм хийдийн тусгай зөвшөөрлийг төрийн бодлогын хувиар авч үзэх учиртай. Хэн дуртай нэг дүүргийн Засаг дарга өчүүхэн ашиг, завшаан харж гадны шашны сүм хийд байгуулах тусгай зөвшөөрлийг ялангуяа гэр хорооллын дунд олгосоор байгааг таслан зогсоох цаг болжээ. Чухамдаа В.И.Лениний хэлснээр “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи” учир маш болгоомжтой хандах ёстой.
Д.Энхтүвшин