Л.Бум-Ялагч: УИХ тарах цаг нь болсон

Парламентад суудалгүй намууд нэгдэж Сүүдрийн Засгийн газрыг байгуулж ажиллаж байгаа. Тэд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын тарах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Өчигдөр гэхэд УИХ-ын дэд дарга Л.Цогтой уулзаж энэ байр сууриа илэрхийлсэн.

Ингээд Монголын ногоон намын дарга Л.Бум-Ялагчаас цөөн асуултаар хариулт авснаа хүргэе.

-Монголын ногоон намын зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа гэсэн. Ямар учраас өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа вэ?

-Манай намын нэг бахархал бол Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт байгаа юм. Шинэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх 10 эрхийн нэгд нь “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэдгийг оруулсан. Монголын ногоон нам 1996-2000 оны хооронд Засаг барилцаж байсан. Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байхдаа ус хамгаалах, ой хамгаалах хуулиудыг баталсан.  Үнэндээ хууль хэрэгжихгүй байх нөхцөлийг дээрээсээ хийж байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг “дордуулсан долоо”-г засах чиглэлээр хийж болох ч үүнийг хийх хүмүүс нь энэ удаагийн парламентын гишүүд биш. УИХ тарах цаг нь болсон. Тиймээс Л.Цог, Г.Уянга, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Ж.Батзандан нарын гишүүд өөрсдөө санаачлаад эхлээд гишүүнээсээ татгалзах ёстой.

-Парламентад суудалгүй намууд нэгдэж Сүүдрийн Засгийн газрыг байгуулж байгаа гэсэн. Энэ талаараа тайлбарлаж өгөөч?

– Парламентад суудалгүй намууд нэгдэн улс төрийн хүчин болох саналыг дэмжиж байгаа. Өнөөдөр төр барьж буй улс төрийн хүчнүүд сонгогчдын өмнө нэр төлөө их унагасан. МАН, АН хоёрт итгэл үзүүлж болохгүй юм чинь хэнд итгэл үзүүлэх вэ гэдэг хайлт нийгэмд гарч ирсэн. Энэ нь өөрөө нийгмийн маш том боломж гэж харах ёстой. Тиймээс бусад улс төрийн хүчнүүд үүнд бэлэн байж төр барих боломж бий гэдгээ нэг жилийн хугацаанд харуулах шаардлагатай. Хоёр нам ээлжлэн засаг барьж улс орноо улам л хямрааж байна. Сөрөг хүчний орон зай байхгүй болчихсон. Энэ утгаараа бид нэгдэж сөрөг хүчний үүргийг гүйцэтгэхээс аргагүй болж байгаа юм. Сөрөг хүчний гол зорилго бол ард иргэддээ бодит мэдээллээр хангах үүрэгтэй.

Ингэвэл ямар ач холбогдолтой гэж?

-Ард иргэдийн  дууг яагаад барих гээд байгаа вэ гэвэл хэд хэдэн асуудал байна. Тухайлбал, Үндсэн хууль Ерөнхийлөгчийн засаглал руу тэмүүлэх юм шиг байна. Ер нь үе үеийн Ерөнхийлөгч засгаасаа буух болохоор энэ асуудлыг ярьдаг. Тэгэхээр энэ асуудлыг хэрэгжүүлэх байх. Хоёрдугаарт Д.Баярцогт анх эвслийн Засгийн газрыг санал болгосон хүн. Тэгэхээр Оюутолгойн асуудлыг зохицуулах гэж байгаа санагдаж байна.

Ард түмний эрх ашгийг хөсөрдүүлсэн шийдвэрүүд энэ Засгийн газраас гарах гээд байна. Монгол Улсад баячуудын засаглал тогтсон. Өнөөдөр гарч байгаа хуулиудыг харвал баян хүнийг яаж улам баяжуулах вэ гэсэн зүйл заалтыг оруулж байна.  Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийг харвал урт нэртэй хуулийн хүрээнд хорьсон байсан зүйлийг эргээд сэргээчихлээ. Энэ хууль гарснаар миний аавын төрсөн нутаг болох Бат-Өлзийт суманд алт ухаад  эхэлсэн. Алт ухаж эхэлсэн энэ газар дархан цаазат газар шүү дээ.

Тэгэхээр энэ бүхнээс харахад баячуудыгаа л улам дэмжиж, уул уурхайг цэцэглүүлж байгаа юм.  Стратегийн ордууд руу халдаад эхэллээ. Н.Номтойбаярт Цагаан суваргыг өгсөн. Үүнийг өгсөн гол учир нь одоо гарч байна. АН яагаад МАН-ын хүнд Цагаан суваргыг өгсөн нь ийм л үйл ажиллагаа явагдах гээд байсны илрэл. Уг нь стратегийн орд ард түмний өмч. Үндсэн хуулийн 6-ийн 1-д байгалийн баялаг зөвхөн ард түмний өмч, төрийн хамгаалалтад байх ёстой гэж заасан байдаг. Бид мэдсээр байж дуугүй байгаад байхаар бидний өв хөрөнгийг хулгайлаад байгаа юм. Тиймээс ард түмэн бид соргог байх ёстой. Тэмцэх хэрэгтэй. Тэмцэж байж л хуулиар иргэдэд оногдсон юмаа авна шүү дээ.

-Танай намаас мөн Ерөнхийлөгчийг огцрох ёстой гэсэн мэдэгдэл өгсөн байдаг?

– Тийм ээ. Ерөнхийлөгчид хандсан улс төрийн мэдэгдэл гаргасан. Гадны компанийн татвараас бултсан хүмүүст Ерөнхийлөгч уучлал үзүүлж байгаа нь буруу шийдвэр болсон. Нэгдүгээрт, Ерөнхийлөгч хууль зөрчсөн байна гэж харлаа. Маргааны шатанд байгаа буруутай, буруугүй гэдгийг эцэслэн тогтоогоогүй байхад уучлал үзүүлсэн нь буруу. Монгол Улсын хууль, шүүхийг хүчгүйдүүлсэн. Ингээд л уучлаад явуулчих байсан юм бол шүүх гэж байгаад яах юм. Ерөнхийлөгч, өөрийнхөө твиттер хуудаст “Би өөрийгөө бодох уу. Монголоо бодох уу” гэж бичсэн нь Ерөнхийлөгчийг ийм байдалд ортол нь дарамталдаг, сэтгэл санааны хямралд оруулдаг байгууллага байдаг юм байна гэсэн ойлголт өгч байгаа юм.

Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх үү гэдгээр ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэсэн саналыг манай намаас гаргалаа.  Ноён уулаа хамгаалах гэж олон арван энгийн иргэд өлсгөлөн зарлаад суухад Ерөнхийлөгч таг дуугүй байсан. Ингэж болохгүй. Төрсөн эцэг нь хүүхдээ зодож хөнөөчихсөн байхад ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэдэг утгаараа байр сууриа тодорхой илэрхийлэх байсан. Гэтэл тэгсэнгүй. Даян дэлхийд бол энэ нь жишиг болсон асуудал шүү дээ. Эдийн засаг хямарч ард түмний амьдрал доройтож байна. Энэ бүхэнд ард түмнээс сонгогдсон ганц хүний дуу хоолой их үгүйлэгдэх боллоо. Хамгаалах ёстой үүргээ орхигдуулж байгаа нь дахиж би сонгогдохгүй юм чинь гэсэн сэтгэлгээнээс үүдээд байна уу гэж харагдаж байгаа. Хэрвээ ийм сэтгэлээр хандаж байгаа бол ажлаа өгсөн нь дээр.

Г.Сүрэн

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button