МИАТ-ийн экс удирдлагууд хугацаанаас өмнө суллагдлаа
МИАТ компанийн удирдлагууд асан Б.Эрдэнэбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн болон “Монголиан Эйрлайнс” компанийн захирал асан Ч.Суурьтогтох нарын хүмүүс “Дайны эрсдлийн сан” гэх нэрээр зохиомол даатгалын компани руу их хэмжээний мөнгө гуйвуулсан, мөнгө завшсан, угаасан улсад хохирол учруулсан хэмээн буруутгаж анхан шатны шүүхээс 10-аас дээш жилийн ял оноогоод байсан юм.
Тэгвэл Улсын Дээд шүүхээс тэдний ялыг 7-8 жил болгож бууруулсан юм. Гэвч эрүүл мэндийн шалтгааны улмаас Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн нар хоёр жил ял эдлээд суллагдлаа гэж мэдэгдэв.
Энэ талаар Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс тодруулахад “Нийслэлийн шүүхүүдээс тодруулсан. Одоогоор эрүүл мэндийн шалтгаанаар ямарч хүн суллаагүй гэж мэдэгдлээ. Өөр тодорхой мэдээлэл алга байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодруулах нь зөв байх” гэв. Харин ШШГЕГ-аас “МИАТ-ийн удирдлагууд асан нэр бүхий хүмүүсийг эрүүл мэндийн шалтгааны улмаас сулласан. Шүүх эрүүл мэндийг нь харгалзан үзэж шийдвэр гаргасан. Манайх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэлээ” гэж мэдэгдэв.
МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн нар нь 2008 оны 3-8 дугаар сард электрон тийзийн дэмжлэг төлбөр гэх нэрээр хууль бусаар нийт 5 удаагийн үйлдлээр БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонг-Конг руу 291,708 ам.доллар буюу 338,447,181,36 төгрөгийг шилжүүлж онц их хэмжээний хохирол учруулсан байдаг. Харин дүүргийн 2 дугаар прокурорын газраас хяналт тавин ажиллаж төрд учруулсан 291,708 ам доллар буюу 338,447,181,36 төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлогод оруулсан байна.
Olloo.mn