ШӨХТГ нь НИТХ-аар гаргасан шийдвэрийг шалгах эрхгүй
ШӨХТГ-аас өчигдөр зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх болон дугуй түгжихтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн талаараа мэдээлэл хийсэн. Тэгэхдээ энэ үеэр тус газрын дарга Т.Аюурсайхан “тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх, дугуй түгжих шийдвэрийг НИТХ гаргасан нь хууль бус үйлдэл болсон. Иймээс өнгөрсөн хугацаанд дугуйгаа түгжүүлж, автомашинаа ачуулсан жолооч бүр шүүхэд нэхэмжлэл гаргаж, торгуулийн төлбөрт өгсөн 20 мянга болон 70 мянган төгрөгөө буцаан авах эрхтэй хэмээн ноцтой мэдээлэл хийсэн юм.
Тэгвэл энэ асуудалд өнөөдөр НЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, НИТХ-ийн Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Алтансоёмбо болон Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга,хурандаа Ч.Жаргалсайхан нар мэдээлэл хийж, няцаалт өглөө.
Тэд ШӨХТГ нь НИТХ-аар гаргасан шийдвэрийг шалгах ямар ч эрх байхгүй. Хурлын шийдвэр нь бусад хуулиа зөрсөн эсэхийг Нэгдүгээрт, тухайн шийдвэрийг гаргагч, НИТХ-ынхан бид өөрсдөө авч хэлэлцэнэ. Хоёрдугаарт Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсний дараа хууль тогтоомжийг хүчингүй болгох эсэх асуудал яригддаг. Бидний гаргасан шийдвэрт ямар ч хууль бус бусад хуулиудтайгаа зөрчилдсөн зүйл байхгүй” хэмээн мэдэгдлээ. Мөн тухайн шийдвэрүүдийг бусад хууль журмандаа нийцүүлэн бүрэн эрхийнхээ дагуу гаргасан. Үүнд ямар ч хууль бус үйлдэл байхгүй гэсэн юм.
Тухайлбал, хурандаа Ч.Жаргалсайхан “Өнөөдөр замын түгжрэл гэдэг нийгэмд бухимдал үүсгэсэн асуудлын нэг яах аргагүй мөн. Иймээс замын түгжрэл хийгээд автомашины зогсоолд анхаарал хандуулан, автомашины дугуйг түгжих үйлчилгээ, ачих асуудал нь иргэдийн хүсэлт шаардлагаар бий болсон. Сүүлийн гурван жилийн хугацаанд нийслэлийн тээврийн хэрэгслийн тоо өмнөхөөсөө хоёр дахин ихэссэн. Өнөөдөр 460 мянган автомашин тоологдож байна. Ийм нөхцөлд замын хөдөлгөөний соёлд анхаарах нь хамгаас чухал. Тиймээс энэ тооны хүмүүсийн эрх ашгийг хамгаалах уу, дүрэм журмаа биелүүлээгүй торгууль хүлээсэн багахан хүмүүсийн эрх ашиг өнөөдөр чухал уу. ШӨХТГ энэ асуудлыг ярихаасаа өмнө маш сайн судлах ёстой байсан” хэмээлээ.
olloo.mn