Өрсөлдөөнгүй газар уйтгартай, ажлын ахиц сайн байх нь юу л бол
БНСУ-ын “MONTANT” Multicultural Transnational Chorus урлаг соёлын байгууллагын дуучин С.Гантогоотой холбогдож, энэ удаагийн зочноор сонгон ярилцлаа. Түүнийг монголчууд маань Солонгосын “Оддын хаан” нэвтрүүлэгт оролцож байснаар сайн мэддэг болсон билээ.
-Өөрийг тань монголчууд Солонгост гэрээгээр ажиллаж байгаад уран бүтээлч болсон гэдгийг тань мэддэг. Солонгост очоод одоо хэдэн жил болчхов оо?
-Анх МУБИС-ийг Газарзүй заах аргач мэргэжлээр төгсөөд, удалгүй Солонгост ирсэн. Энд ирээд долоон жил болсон байна. Монголынхоо олон аавын хүү, ээжийн охины адил гэр бүлдээ санхүүгийн дэмжлэг үзүүлэх, өөрийнхөө чадлаар тус болох зорилгоор Солонгост гэрээний ажилтнаар ирж байлаа.
-Анх гэрээгээр ажиллаж байх үеэ одоогийн ажилтайгаа харьцуулан бодож байв уу. Өнгөрсөн цаг хугацааг дүгнэвэл?
-Гэрээгээр ажиллаж байсан үе болон одоо ингээд Солонгосын урлагийн байгууллагад ажиллах хоёр тэс ондоо байлгүй яах вэ. Гэрээгээр ажиллаж байхдаа тодорхой хэмжээнд гэр бүлдээ тус дэм болохоор хүнд хэцүү ажлуудыг гололгүй хийдэг байлаа. Харин одоо бол багынхаа мөрөөдлийг биелүүлээд, олон орны дуучидтай нэг байгууллагад хамтран ажиллаж байгаадаа үнэхээр баяртай, улам хичээх юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй явдаг болсон. Мэдээж энэ хүртэл явахад хялбар байгаагүй. Ер нь амар хялбар зүйл гэж байхгүй шүү дээ.
-“MONTANT” Multicultural Transnational Chorus урлаг соёлын байгууллагад багагүй хугацаанд ажиллалаа. Яагаад заавал олон орны уран бүтээлчдийг хамруулдаг юм бол?
-Манай байгууллагын имиж бол угаасаа анхнаасаа олон орны дуучид төлөөлөгч байх ёстой гэсэн дүрэм журамтай гэж хэлэхэд болно. Энэ байгууллагад шалгарч ороод бараг гурван жил болоход маш олон зүйл сурч, мэдэж авч байна. Бид зөвхөн тоглолт хийгээд дуулаад явахгүй. Янз бүрийн сургалт, семинар зохион байгуулна. Ялангуяа Солонгосын дунд сургуулийн сурагчид, Их дээд сургуулийн оюутнууд болон иргэд, эндэхийн олон соёлт гэр бүл, тэдгээрийн үр хүүхдүүдэд чиглэсэн сургалтуудыг хийдэг. Үүгээр дамжуулан өөрийнхөө орны түүх соёл, дуу хөгжим, үндэсний хувцас, үлгэр домог, тоглоом, ёс заншил, хэл яриагаа сурталчлах гээд маш их зүйлийг сурталчилдаг. Тиймдээ ч үүндээ туйлын баяртай, сэтгэл хангалуун байдаг. Олон орны төлөөлөл байдаг шалтгаан нь энэ.
-Хамтлагийн бусад уран бүтээлчдийн хувьд анх ямар тохиолоор БНСУ-д хөл тавьж байсан хүмүүс байдаг вэ?
-Янз бүрийн тохиолдлоор анх Солонгост ирсэн байдаг юм. Суралцахаар ирсэн нь бий. Солонгос хүнтэй ханилаад, багшлахаар ирсэн хүмүүс ч бий. Гэрээний ажилтнаар ирсэн ганц нь би. Бүгд урлагт хайртай. Урлагтай янз бүрийн байдлаар холбоотой, дуулах дуртай байсан нь биднийг нэг цөм, хамт олон болгосон гэж боддог юм.
-Хэдий нэг баг болж байгаа ч өөрийн гэсэн байр суурийн төлөө нууцхан өрсөлдөөн байдаг уу?
-Ямар ч байгууллага дотор өрсөлдөөн явагддаг шүү дээ. Өрсөлдөөнгүй газар уйтгартай бас ажлын ахиц сайн байх нь юу л бол. Гол нь зөв өрсөлдөөн байх хэрэгтэй. Өөр өөр улсын төлөөлөл байдаг болохоор тухайн улсын соёл, ёс заншлыг нь хүндэтгэх шаардлага гардаг юм.
-Визний гэрээ дуусах бус сунгагдаад явдаг гэж байсан. Ямар нэгэн шалгуур байдаг уу. Эсвэл нэг удаа л тэнд тэнцсэн бол үргэлжлүүлээд л байх уу?
-Би гэрээний визээ урлагийн виз болгосон анхны тохиолдол болсон. Одоо нэгэнт урлагийн визтэй болохоор байнга сунгуулаад, энэ байгууллагадаа ажиллаад байх боломжтой болсон. Шалгуур өндөр байсан. Зүгээр л сайн дуулдаг хүнийг шалгаруулж авах нь гол биш Солонгост өөрийн хүчээр хэрхэн явж байгаа, өөрийгөө хөгжүүлэхээр яаж хичээж, боломжийг эрэлхийлж буй бүтээлч хүмүүсийг сонгосон нь харагдаж байсан.
-Уран бүтээлийн олз омог хэр байгаа вэ. Танай хамтлагийнхан цомгийнхоо ажилд орсон гэж байсан дууссан уу?
-Өнгөрсөн онд уран бүтээлийн олз омог ихтэй байлаа. Манай байгууллагын "We are different but one song" гэсэн ном гарч түүнийхээ "Book Concert" тоглолтуудаа амжилттай хийсэн. Мөн "Circle of Life" хэмээх анхны цомгоо гардаж авсан. Цомог маань Солонгост худалдаанд гарсан даруйдаа тухайн долоо хоногийнхоо онлайнд сонирхолтой шилдэг 10-н цомогт багтсан. Цомогт маань Монгол аялгуу "Жалам хар" дуу орсон явдал үнэхээр гайхалтай, бахархалтай санагддаг.
-К-Поп-ыг дэлхий дахин мэддэг болж. Таны хувьд монголынхоо урлагийг ингэж зах зээлд нэвтрүүлж, олны хүртээл болгохын тулд ямар арга хэмжээ аваасай гэж боддог вэ?
-Мэдээж К-Поп урлаг одоо маш хурдацтай хөгжиж байгаа. Энэ бол төр засгаас урлагийн салбартаа хэр анхаарч байгааг харуулж буй хэрэг л дээ. Миний хувьд яах вэ, өөрийнхөө хүчээр аав, ээжийнхээ залбирлаар өдий зэрэгт хүрч Солонгос дахь энэ байгууллагад улсаа төлөөлөн ажиллаж байгаагийн хувьд эх орныхоо нэрийг сайнаар гаргачих юмсан гэсэн бодлыг сэтгэл зүрхэндээ тээж явдаг.
Тэр ч утгаараа "Оддын хаан" нэвтрүүлэгт орохдоо "Жалам хар"-ын хэсгийг чадан ядан бүжиглэнгээ аяыг нь аялж байсан. Тухайн үед "Гангнам Стайл" дуу хит болж байсан болохоор жинхэнэ морины бүжиг гээд их л сонин санагдаж байсан байх. Одоо энэ байгууллагад ажиллаж байгаа миний хувьд Монголоос хамтарч ажиллах хүсэлтэй компани, хувь хүмүүстэй хамтарч ажиллаж болно гэдгийг энэ дашрамд хэлмээр байна. Одоогоор өөрийнхөө хэмжээнд л явж байна. Цаашдаа бодсон бодол зөндөө байгаа.
-Хэдийгээр хөгжим бол хэлний шаардлагагүй ойлгогддог гэдэг. Гэхдээ Солонгос болон Монгол уран бүтээлийн хувьд өөрийн гэсэн онцлогтой. Тэр нь таныхаар чухам юу бол?
-Солонгост маш олон хүн амьдардаг гэдэг утгаараа өрсөлдөөн ихтэй. Ялангуяа шоу бизнесийн хүрээнд. Тийм болоод ч тэр vv урлагийнхан нь байнга эрэл хайгуул хийж, түүнийхээ төлөө хөлсөө гаргаж чаддаг хүмүүс гэж боддог. Одоо Солонгост соёлын давалгаа хүчтэй байгаа. Монгол уран бүтээлчид маань үнэхээр авьяастай, эрч хүчтэй хэнээс ч дутахгүй гэдэг нь ойлгомжтой. Хамгийн гол энэ сайхан авьяасаа дэлхийн тавцанд гаргах чин хүсэл эрмэлзэл, тууштай хөдөлмөр дутагдаж байгаа юм шиг санагддаг. Гэхдээ байгаа орчин нөлөөлөх байх л даа. Аливаа зүйлийг хүнд хэцүү байна гээд орхиж болохгүй санагддаг.
-Саяхан эх орондоо ирээд буцсан. Сэтгэгдэл ямар байна. Иргэний хувьд улс маань хэр хөгжиж, өөрчлөгдсөнийг анзаарсан байх?
-Өө нүдэнд харагдах байдлын хувьд үнэхээр хөгжиж байна аа. Барилга бүтээн байгуулалт, зам харгуй гээд. Байхгүй зүйл алга байна лээ. Гэхдээ юмны үнэ үнэхээр өндөр болсон байна. Хамгийн гол нь одоо хүнээ хөгжүүлэх тал дээр илүү анхаарах нь зүйтэй болов уу. Нийслэлд байх замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс үнэхээр ууртай, бухимдалтай байх нь ажиглагдсан.
-Дуучин Улаанцэцэгтэй хамтран солонгос дууг орчуулан дуулсан. Ер нь цаашдаа монголдоо уран бүтээлээ туурвих бодол бий юу. Ер нь хэзээнээс вэ?
-Цагаан сараар ээж аавтайгаа золгохоор эх орондоо ирэхдээ Dual Zet про агентлагийн дуучин Улаанцэцэгтэй хамтарч ковер дуу хийсэн. Цаашдаа өөрийн уран бүтээлийг хийх төлөвлөгөөтэй байгаа. Энэ оноос эхлээд уран бүтээлдээ шаргуу орно. Аль болох залуучуудаа зөв амьдралын төлөө уриалсан уран бүтээл голчлон хийнэ гэж боддог.
-Монголынхоо уран бүтээлчидтэй хэр дотно вэ?
-Одооноос эхлээд холбоо барьж эхэлж байгаа гэх vv дээ. Танилтай бол талын чинээ гэдэг шиг өөрийн орны урлагийнхантайгаа найз болж уран бүтээл хамтран хийх чин хүсэл бий. Өөрийн бие даасан болон хамтлагийнхантайгаа тоглолтоо Монголдоо хийхийг хүсдэг. Би өөртөө ая зохиох авьяас байгаа гэж үнэлдэг юм. Миний зохиосон хэд, хэдэн дуу бий. Удахгүй сайхан уран бүтээл болгоод гаргана аа. Дууны ая хүсэж байгаа дуучидтай хамтарч ажилласан ч болно.
–Хүүхэд байхаасаа урлагийн үзлэгт байнга ордог байсан гэсэн. Яагаад урлагийн сургуульд ороогүй юм бол?
-Багадаа ороогүй уралдаан, тэмцээн, наадам байсангүй ээ. Бүгдэд нь орж өөрийгөө сорьдог байлаа. Тийм болохоор таньдаг хүмүүс намайг Соёл урлагийн сургуульд яагаад ороогүй юм гэж асуудаг юм. Аав маань надад дунд сургуулиа төгсөх vед “Миний хүү үнэхээр сайхан хоолойтой гайхалтай дуулдаг. Цаанаасаа заяасан аяьяастай болохоор алга болно гэж байхгүй. Тиймээс өөр мэргэжил эзэмшвэл илүү зүгээр биш үү” гэж зөвлөсөн. Тийм болохоор ээжийнхээ мэргэжлийг өвлөж багш мэргэжилтэй болсон юм. Ингээд бодоход аавын минь зөвлөгөө миний амьдралд маш их ач тусаа өгч байгаа. Ажлын журмаар сургалт зохион байгуулахад заах аргын тал дээр бусад орны дуучдаасаа ялгарч чаддагтаа баярладаг.
Ж.Нарангэрэл