Урт хугацаат Засгийн газрын үнэт цаас арилжиж эхэлнэ
Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Сангийн яамнаас өнгрөсөн оны арваннэгдүгээр сард Засгийн газрын богино хугацаат үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэйг арилжихаар шийдвэрлэсэн.
Өнгөрсөн таван сарын хугацаанд нийт 150 орчим тэрбум төгрөгийн бондын арилжаа Монголын хөрөнгийн биржид явагдаж 200 гаруй шинэ дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагч хөрөнгийн зах зээлд нэмэгдсэн нь дээрх бодлогын зорилт нь зөв зохистой байсныг илтгэж байгаа гэнэ.
Тиймээс хөрөнгийн зах зээл дэх олон нийтийн оролцоог улам нэмэгдүүлэхээр ирэх сарын 7-ноос эхлэн урт хугацаат буюу гурав болон таван жилийн хугацаатай бондыг биржээр арилжихаар Сангийн яамнаас шийдвэрлэжээ. Цаашид өрсөлдөөнт горимын болон инфляцаас хамгаалагдсан урт хугацаат бондыг дотоодын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх боломжийг судалж байгаа гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.