Урамшуулал нэртэй луйвар үргэлжилсээр л…

Боломж л гарвал төсвийн мөнгөнд лавхан гар дүрж, бас болоогүй завсар чөлөөгөөр нь элдэв тендер, сонгон шалгаруулалтын хажуугаар нүдээ аниад өнгөрч чаддаггүй төрийн албаны хурган дарга нарын хууль бус үйлдийг АТГ-аас илрүүлсээр байгаа ч тэд гаргасан зөрчил дутагдлаа арилгах нь бүү хэл хулгай, луйврынхаа аргыг улам л төгөлдөржүүлж, ядуухан улсынхаа халаасыг хоослох нь хэрээс хэтэрч байна. Ингэж хэлэхийн учир нь АТГ-аас хэд, хэдэн төрийн байгууллага болон аймаг орон нутгийн ИТХ-ын үйл ажиллагаанд шалгалт хийж ноцтой зөрчил олныг илрүүлжээ. Учир нь тус газар 2015 оныг “Авлигын эсрэг жил” болгон хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, чиг үүргийг судлан танилцах зорилгоор албан тушаалтнуудыг авлигаас ангид байлгахыг зорьж багагүй ажил хийсэн. Энэ ажлынхаа хүрээнд Барилгын хөгжлийн төв, Налайх дүүргийн ИТХ-ын тогтоол шийдвэрүүд нь авлигын эсрэг хууль тогтоомжид хэр нийцэж байгааг шалгасан байна. Гэтэл “Барилгын хөгжлийн төв” иргэдээс үндэслэлгүйгээр мөнгө хурааж байсан нь илэрчээ. Тухайлбал, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, барилга байг­уулам­­жийн зураг төсөл болов­сруулах, барилга угс­ралтын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, тvvний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ хийх эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журмын хvрээнд явуулж байгаа үйлчилгээнд иргэдээс үндэслэлгүй хурааж байгаа 20 000 төгрөгийн хураамжийг таслан зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэх иргэн, аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалттай холбогдох журмыг ил тод мэдээлэх, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, гэрчилгээний олголт, сунгалт, нэмэлт ажил бүхий мэдээллүүд хугацааны хамт нээлттэй болгох зэрэгт анхаарч ажиллахыг тус төвд даалгасан байна.

Уг нь Барилга хөгжлийн төв нь барилга, нийтийн аж ахуйн талаар төрөөс явуулж буй бодлогын хэрэгжилтийг хангах, УИХ, Засгийн газраас баталсан улсын төсөв, бусад эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, арга хэмжээнд техникийн хяналт тавих, магадлал хийх ажлыг зохион байгуулах, шаардлагатай судалгаа мэдээллээр төрийн захиргааны төв байгууллагыг хангах зорилго бүхий төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм. Тус төв нь Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах хяналт тавих, барилгын норм, дүрэм, барилгын төсвийн жишиг үнэлгээ, үнийн индекс, стандарт боловсруулах, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгогчийг төлөөлөн оролцох, барилгын норм, норматив боловсруулах, зарцуулах үйл ажиллагаа, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг болон барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулах, зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгох, инженер техникийн ажилтнуудыг мэргэшүүлэх зэрэг олгох, салбарын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангуулах зэрэг үндсэн чиг үүргийн хүрээнд vйл ажиллагаа явуулдаг юм. Гэтэл тэд ийнхүү иргэдээс үндэслэлгүйгээр 20000 мянган төгрөг авч байсныг нь АТГ тогтоосон байна.

 

Барилгын хөгжлийн төвтэй холбоотой маш олон гомдол гардаг боловч иргэд аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө ажилд саад учруулна хэмээн энэ талаарх гомдлыг холбогдох албаны хүмүүст төдийлөн мэдэгдэж чаддаггүй нь нууц. Тиймээс л иргэдийн гомдоллож байсан тусгай зөвшөөрөл олгосны хураамж гэх 20 000 мянган төгрөгийн хураамжийг таслан зогсоосон нь сайшаалтай. Товчхондоо тус төвийнхөн энэхүү хураамжийг хууль бус гэдгийг нь мэдсээр байж хэчнээн төгрөг цуглуулж энэ их мөнгө хаана, юунд зарцуулагдаж байсан бэ гэдэг нь ч сонирхолтой. Мөн Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид нь Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны наймдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар “Дүүргийн Хурлын төлөөлөгчдөд урамшуулал олгох журам”-аар урамшуулал олгох дээд хэмжээг таван сая төгрөгөөр тогтоосны дагуу дүүргийн төлөөлөгчдөд улирал тутамд 4 500 000 төгрөгийг олгожээ. Үүнээс гадна дүүргийн Тэргүүлэгч долоон гишүүнд 2013 онд сар бүр 15 000, нийт 1 080 000 төгрөгийг, өнгөрсөн оны эхний гурван улиралд нийт 810 000 төгрөгийн урамшууллыг ямар ч үндэслэлгүйгээр олгосон байна. Тэргүүлэгчдэд сар бүр 15 000 төгрөгийн урамшууллыг 2007 оноос эхлэн өгсөн гэх ба уг асуудлыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны журмын дагуу олгодог гэсэн боловч тухайн журам нь Хурлын тэргүүлэгчдэд нэмэгдэл урамшуулал олгох асуудлыг огт зохицуулаагүй байсан аж. Уг нь өнгөрсөн хугацаанд хаа газрын хурган дарга нарыг дур мэдэн өөрсдөдөө урамшуулал олгохыг зогсоо хэмээн албаныхан үүрэг болгож өгч байсан. Гэтэл энэхүү урамшуулал нь жирийн ажилтан албан хаагчдад биш зөвхөн хууль журам боловсруулж суудаг цагаан гартангууд өөрсдийнхөө эрх мэдлийн хүрээнд ийнхүү олгож байгаа нь хэрээс хэтэрсэн үйлдэл юм. Яг үнэндээ иргэдийн төлөөлөл болж сайн дураараа сонгогдсон эдгээр төлөөлөгчид “урамшуулал” нэрээр татвар төлөгчдийн халааснаас хэдэн зуун саяар нь өгөх нь эдийн засаг элгээрээ мөлхчихсөн энэ үед зүйд хэр нийцдэг юм бол доо. Тиймээс хот хөдөөгийн ИТХ-ын төлөөлөгчдийн урамшуулал хэмээх боловсон нэртэй луйврыг зогсоох цаг болжээ.

 

Өглөөний сонин

Р.Саруул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button