Б.Алтансоёмбо: Шүүх хууль зөрчсөн эсэхийг тогтооно

ШӨХТГ-аас өчигдөр зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх болон дугуй түгжихтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн талаараа мэдээлэл хийсэн. Тэгэхдээ энэ үеэр тус газрын дарга Т.Аюурсайхан “тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх, дугуй түгжих  шийдвэрийг НИТХ гаргасан нь хууль бус үйлдэл болсон. Иймээс өнгөрсөн хугацаанд дугуйгаа түгжүүлж, автомашинаа ачуулсан жолооч бүр шүүхэд нэхэмжлэл гаргаж, торгуулийн төлбөрт өгсөн 20 мянга болон 70 мянган төгрөгөө буцаан авах эрхтэй хэмээн ноцтой мэдээлэл хийсэн юм. Чингээд энэ хугацаанд хураагдаж, ачигдсан 9230 тээврийн хэрэгслийн төлбөр болох 647.710.000 төгрөгийг хууль бусаар хураан авсан гэж үзээд эргүүлэн төлүүлэх, НИТХ-ийг хууль бус шийдвэр гаргасныхаа төлөө 960 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авахаар болсон юм.

Тэгвэл энэ асуудлаар НИТХ-ийн Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Алтансоёмботой ярилцаж, тайлбар авлаа.

-ШӨХТГ-аас гаргаж тавиад байгаа асуудалд тайлбар өгнө үү?

-ШӨХТГ энэ сарын 25-нд Нийслэлийн захиргааны байгууллагууд хууль тогтоомжоо зөрчсөн гэсэн мэдэгдлийг хийсэн. Энэ талаарх мэдэгдлийг бид бас хүлээж авсан. Хүлээж авсан дүгнэлтэд хоёр асуудлыг дурьдсан байна. 

Нэгдүгээрт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам” батлан мөрдүүлсэн. 

Гэтэл  энэ нь “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам” гаргах эрх Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд хуулиар олгогдоогүй , хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлэн хэрэглэсэн гэсэн байна. 

Нөгөө нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн байна гэсэн. Энэ асуудлыг судлаад үзэхээр хууль зөрчсөн ямар ч үйлдэл байхгүй. 

-Тэгэхээр ШӨХТГ  ямар учраас дээрх дүгнэлтийг хийв. Энэ талаар хууль журамдаа хэрхэн заасан байдаг юм бэ?

-Тухайн нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дагаж мөрдөх акт журмыг батлан гаргах бүрэн эрх нь Монгол Улсын үндсэн хууль, Монгол улсын засаг захиргааны удирдлагын тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжид заасан байдаг. Үүнийхээ хүрээнд НИТХ энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Тухайн асуудал ямар асуудал вэ гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа.  Энэ акт нь гарахдаа замын хөдөлгөөний дүрэм буюу бусад хууль тогтоомжийн дагуу гардаг. НИТХ-ын  тогтоол, аливаа шийдвэр бусад хуульдаа нийцэж, хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр хэрэгждэг. Үүгээрээ замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн,  Бусдын зорчих эрхэнд ноцтой хохирол учруулахыг хориглох, иргэдийн эрх ашгийг хамгаалах эрх НИТХ-д байдаг. Олонхийн эрх ашгийн хүрээнд шийддэг асуудал. 

– ШӨХТГ бол НИТХ-ын шийдвэрийг шалгах эрхгүй гэсэн үг үү?

-Тиймээ. ШӨХТГ нь НИТХ-аар гаргасан шийдвэрийг шалгах, эрхтэй эрхгүй гэж ярих байгууллага биш.  Хурлын шийдвэр нь бусад хуулиас зөрсөн эсэхийг Нэгдүгээрт,  тухайн шийдвэрийг гаргагч, НИТХ-ынхан бид өөрсдөө авч хэлэлцэнэ. Хоёрдугаарт Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсний дараа хууль тогтоомжийг хүчингүй болгох эсэх асуудал яригддаг. Бидний гаргасан шийдвэрт ямар ч хууль бус бусад хуулиудтайгаа зөрчилдсөн зүйл байхгүй Мөн тухайн шийдвэрүүдийг бусад хууль журамдаа нийцүүлэн бүрэн эрхийнхээ дагуу гаргасан. Үүнд ямар ч хууль бус үйлдэл байхгүй.

-Тэгвэл танайхыг өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гээд байгаа шүү дээ?

-НИТХ-ын 98 дугаар тогтоолтой холбоотойгоор автомашин ачигч зарим компани аж ахуй нэгжүүдэд давуу эрх олгосон гэж байна. Энэ журмыг та бүхэн мэдэж байгаа байх. Энд ямар нэгэн байгууллага ААН-д давуу эрх олгосон, өрсөлдөөний тухай хууль зөрчсөн юу ч байхгүй. Тухайн байгууллагууд хүчин чадал өрсөлдөөний хуулийн дагуу Замын цагдаагийн газраар энэ асуудлаа шийдээд, сонгогдоод явсан. 

-НИТХ хууль тогтоомжоо зөрчсөн эсэх асуудлыг одоо яаж шийдэх вэ?

– Уг асуудлаар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсны дараа хууль зөрчсөн эсэх нь тодорхой болно.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button