ХААИС-ийн захирал Б.Бямбаад оноосон ялыг торгуулиар солив
ХААИС-ийн захирал асан Б.Бямбаа нарт холбогдох гомдлыг Дүүргийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүх хэлэлцлээ. Б.Бямбаа, Д.Янжмаа нарт албан тушаалаа урвуулан ашигласан, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган анхан шатны шүүхээс 5 жил 1 сараас 5 жил 6 сарын хорих ял оноогоод байсан юм.
Тэгвэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-т зааснаар ялласан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 264.2 зүйл ангиар өөрчилж санхүүгийн болон аж ахуйн үйл ажиллагааны нууцыг хууль бусаар олж авсан задруулсан гэж үзээд ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн байна.
Ингэснээр ХААИС-ийн захирал асан Б.Бямбаад оноосон хорих ялыг Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14 сая 40 мянган төгрөгийн торгуулийн ял болгон өөрчилсөн байна. Мөн шүүгдэгч Д.Янжмаад оноосон хорих ялыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин ихэсгэсэн буюу 11 сая 230 мянган төгрөгийн мөнгөн торгуулийн ял болгон өөрчилж шийдвэрлэжээ.
Харин Ц.Амарсайхан, Б.Болдбаатар нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Прокурорын байгууллагаас Б.Бямбаа нарыг ХААИС-ийн дэргэдэх Олон улсын хэл судлалын төвийн барилгыг барьсан компаниас өөр компанийн нэр дээр санхүүгийн хуурамч баримт бүрдүүлэн сургуулиасаа их хэмжээний мөнгө гаргуулж авсан, хуурамч тендер зарлан 78 сая төгрөгийн өртөгтэй 10 ханатай монгол гэрийг 108 сая төгрөгөөр худалдаж авсан. Түүнчлэн сургуулийн өмчлөлийн 62 сая төгрөгийн үнэтэй 62 м.кв талбайтай хоёр өрөө байрыг өөрийн жолооч Б.Болдбаатарт үнэ төлбөргүйгээр шилжүүлж сургуулийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх хэргүүдэд буруутгасан юм.
Ами
Оlloo.mn