Энэ олон намын учрыг нь олохоо болилоо
Сонгууль дөхөх тусам л янз бүрийн нэртэй олон нам гарч байна. Нэг өглөө сэрэхэд нэгэн содон нэртэй нам гараад улсын дээд шүүхэд бүртгүүлэх гээд Улсын дээд шvvхийн хаалгыг амар заяа үзүүлэхгүй байгаа бололтой.
Уг нь иргэд одоо нам гэхээсээ илүүтэй хүнийг нь харж сонголт хийх ухаантай болсонг ар араасаа гарч байгаа намууд мэддэггүй л юм байх даа. Ямартай л саяхан нэгэн судалгааны байгууллагаас “та улс төрийн намуудад итгэж байна уу” гэсэн судалгаа явуулахад судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 90 гаруй хувь нь итгэхгүй байна гэсэн хариултыг өгсөн байна.
Өнөөдрийн байдлаар улсын дээд шүүхэд бүртгэлтэй 20 гаруй нам байдаг байна. Хэрвээ өглөөд нэг нэрээр гарч байгаа нам бүрийг бүртгээд байсан бол бараг 30 гарах байлаа. Үнэндээ эдгээр намууд байгаа үгүй нь мэдэгдэхгүй байснаа сонгууль дөхөөд ирэхээр л гэнэт сэрээд бужигнадаг агшин зуурын амьдралтай гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу.
Сүүлийн үед л гэхэд “Далайн дээрэмчдийн нам”, “Монгол хүний төлөө нам”, “Залуусын нам”, “Нэг хүний нам”, “Хөдөлмөрийн үндэсний нам” гээд янз бүрийн нэртэй намууд гараад дээд шүүхэд бүртгүүлэх гэж янз бүрээр үзэж байна. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай хүртэл намаасаа гарч хөдөө орон нутгийн нам байгуулна гэж мэдээлэл хийсэн. Үнэндээ энэ олон нам гарч байгаа нь улс төрд шургалах гэсэн нэгэн шинэ хэлбэр байдаг байх.
Уг нь нам гэдэг нь нэг үзэл санаа нь доор нэгдсэн хүмүүсээс бүрдэх ёстой. Гэтэл ганцаараа ч нам байгуулах гэж тэмүүлэх хүн байна. Тухайлбал, шинэ оны дараахан Монголын нэг хүний нам гэгчийг бүртгүүлэх шүүх хурал Улсын дээд шүүх дээр болсон. Тус намыг байгуулахаар Н.Эрдэнэцэцэг гэх эмэгтэй бүртгүүлэх гэсэн боловч Улсын дээд шүүх хүлээж аваагүй. Учир нь Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар намын гишүүдийн тоо 801-ээс доошгүй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж бүртгэхээс татгалзсан байна.
Далайн дээрэмчдийн нам л гэхэд тун сонин шийдлээр гарч ирэх гэж үзсэн. Тэд порно сайтуудын эрхийг нээнэ гэсэн зорилготой байсан. Энэ талаараа намын идэвхтэн Д.Төгсжаргалаас тодруулахад “Дэлхийн олон улс оронд мэдээллийн эрх чөлөө, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, мэдээлэлтэй холбоотой засаглалыг зохицуулах үүрэгтэй нам байдаг. Олон улсад дээрэмчдийн нам гэж нэрийдсэн байдаг юм. Далайн дээрэмчдийн нам бол зохиогчийн эрхтэй холбоотой, мэдээллийн эрх чөлөөнд халдаж байгаатай тэмцэнэ. Жишээ нь гэхэд манай улсад порно сайтыг иргэд үзэж чадахгүй байна. Энэ сайтыг эргэн нээлгэж, үзэх боломжийг олгох болно” гэсэн юм.
Үнэндээ элдэв сонин содон нэрээр түрий барьж, элдэв хачирхалтай зорилго тавьсан бол сонгогдох магадлалтай гэж үзсэн байж болох юм.
Мөн хэдхэн хоногийн өмнө Монгол хүний намыг бүртгэхээс татгалзсан. Учир нь хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримт дутуу, улмаар Улс төрийн намын тухай хуульд заасан зарим шаардлагыг хангаагүй байсан тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан хариуг Улсын дээд шүүхээс гаргажээ. Энэ намыг “Иргэдийн шударга шүүх” гэгчийг байгуулж нэг хэсэг л төр засгийн эсрэг тэмцэж байсан Х.Бат-Ялалт байгуулсан. Энэ намыг УИХ-ын гишүүн С.Ганбаатар хамгийн ихээр дэмжиж байсан гэх нь бий.
Ийнхүү сонгууль дөхөх тусам л янз бүрийн нэртэй, төрөл уриа дэвшүүлсэн намууд гарсаар байна. Үнэндээ энэ олон намын учрыг нь олохоо болилоо.
olloo.mn