Хэрэглэгчдийг хохироохгүй байхыг санууллаа
Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв нийслэлийн иргэдэд хүрч байгаа инженерийн хангамж, нийтийн үйлчилгээний хүртээмж, чанарт тогтмол хяналт тавьж, үйл ажиллагааг нь зохицуулах чиглэлээр 24 цагийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Тус төвийн диспетчерүүд Ургах наран хорооллын ус, дулаан, цахилгаан хангамж, ариутгах татуургын байдалтай газар дээр нь танилцлаа.
Энэ сарын 25-26-ны хооронд хотын ус, дулаан хангамжид хоёр ноцтой технологийн зөрчил гарсан. Энэ нь Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт “Улаанбаатар Дулааны сүлжээ” ХК-ний хойно байрлах “Ньюс ремикон” ХХК-ний бетон зуурмагийн үйлдвэрийн хашаанд үйлдвэрийн албан хаагчид экскаватораар газар ухаж байгаад УСУГ-ын эзэмшлийн хот, үйлдвэрийн районыг холбосон Ф250 мм-н ширмэн шугам хоолойг 16:45 цагт хагалж гэмтээснээс үүдэн гарчээ.
УСУГ-ын засварын нэгдсэн бригад 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж өглөөний 05:30 цагт тус шугамыг засварлаж, ус хангамжийг сэргээсэн. Энэ хугацаанд Нарны нүүр, Энхтайвны гүүрний хооронд Баянгол дүүргийн 3-р хорооны бүх орон сууц, аж ахуйн нэгжүүдийн усан хангамжийг бүрэн тасалсан. УСУГ-аас тус шугамын эвдрэлтэй холбоотой актыг гаргахаар ажиллаж байна.
Мөн Баянзүрх дүүргийн 22-р хороонд байрлах 16-р хорооллын Төгөл хус хотхон, 69А,Б, 70-р байруудын халаалт 2015 оны 03-р сарын 25-ны өдрийн 11:00 цагаас хойш тасарсан гэсэн мэдээлэл ирсэн. ОСНААУГ болон “УБДС” ХК-ийн диспетчерүүдээс тодруулахад “УБДС” ХК-д харъяалагдах ёстой “Газ засвар”- ын гэх салааны Ф200 мм-ийн хоолойд гэмтэл гарч 11:05 цагт халаалтыг тасалсан гэв. Энэ талаар төвийн диспетчерт мэдээлээгүй айл өрх, аж ахуйн нэгжүүдийг дулаанаар тасалдуулан хохирол учруулж одоог хүртэл дулаанаар хангаагүй байна. “Улаанбаатар Дулааны сүлжээ” ХК нь тус шугам сүлжээгээр дамжуулан түгээсэн аж ахуйн нэгжүүдийн дулааны төлбөр тооцооны ихэнхи хувийг авдаг. Ажилдаа хариуцлагагүй хандан шугам сүлжээний засвар, шинэчлэлийн асуудлыг дундын эзэмшлийн шугам, Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрынх хэмээн орхисон байна.
Цаашид “Улаанбаатар Дулааны сүлжээ” ХК-ийн зүгээс дулаан хэрэглэгчдэд хүргэж байгаа үйлчилгээний ёс зүй, дулаан түгээх шугам сүлжээнийхээ зааг харъяалалдаа санаачлагатай, шударга хандаж, аж ахуйн нэгж байгууллага, оршин суугчдын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа сайжруулахыг анхааруулж байна.