ОХУ руу зорчих тээврийн хэрэгслийн зөвшөөрлийн бичгийг түр хугацаанд олгохгүй
ОХУ-руу зорчих 8-аас дээш суудалтай тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрлийн бичгийн нөөц дууссантай холбогдуулан түр хязгаарлалт хийсэн байна. Тиймээс уг зөвшөөрлийн бичгийг зөвхөн тогтмол маршрутын тээврийн хэрэгсэлд олгох болсон тухай мэдээлэл гарсан билээ. Үүнтэй холбогдуулан Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооноос мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд “Иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллага зөвхөн Улаанбаатар-Улаан Үүд, Сүхбаатар-Хиагт чиглэлийн тогтмол маршрутын автобус, галт тэргээр эсвэл 8-аас доош суудалтай автомашинаар ОХУ-руу зорчиж болохыг үүгээр мэдэгдэж байна. Жуулчин тээврийн эрх бүхий байгууллагын том оврын автобусанд мөн адил зөвшөөрөл олгох боломжгүй болсон тул төлөвлөсөн аяллаа түр хойшлуулахыг Та бүхнээс хүсэж байна.
Зам, тээврийн яамнаас ОХУ-ын Тээврийн яаманд нэмэлт зөвшөөрлийн бичгийг олгож өгөх хүсэлтийг тавиад байгаа. Оросын талаас зөвшөөрлийн бичгийг ирүүлэх хүртэлх хугацаанд байнгын бус зорчигч тээврийн зөвшөөрлийг 2015 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн олгох боломжгүй болсон тул Та бүхнээс хүлцэл өчиж байна. Нэмэлт зөвшөөрлийн бичгийг хүлээн авсан даруйд Та бүхэнд мэдэгдэх болно” гэжээ.
Ами
Olloo.mn