"Тавантолгой" төслийн хэлэлцээрийг үргэлжлүүлнэ

Тавантолгойн хэлэлцээр  “Чалко”-гийн асуудлаас болж түр завсарлаад байсан.  Энэ завсарлага  дуусч, талууд хэлэлцээрийн ширээнд суухаар болсон сайхан мэдээ дуулдлаа. Тавантолгойн хэлэлцээг стратегийн хөрөнгө оруулагчид ирэх долоо хоногт үргэжлүүлэхээр болсноо манай талд мэдэгдсэн байна. Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр ирэх даваа гаригаас үргэлжлэх болсныг төслийг хариуцан ажиллаж байгаа  манай ажлын хэсгийнхэн мэдээллээ. Түр завсарлагааны хугацаанд Тавантолгойд хөрөнгө оруулах Хятадын Шиньхуа болон Чалко компани дотооддоо харилцан ойлголцсон бололтой.  

Тодруулбал, Хятадын төрийн өмчит дээрх хоёр компани Монголын Тавантолгойн тендер дээрх сонирхлоо нэгтгэж, энэ саналаа  ирэх даваа гаригт  Монголын талд хүлээлгэж өгөх гэнэ. Тэдний саналтай төсөл хариуцсан  ажлын хэсгийнхэн танилцаад хүлээж авах эсэхээ шийднэ. Ажлын хэсгийнхэн манай  эрх ашигт  нийцсэн эсэх, эдийн засгийн хувьд хэр ашигтай, Засгийн газраас зарласан тендерийн нөхцөлүүдийг хангаж байгаа эсэх зэргийг  ярилцах юм байна. Хэрвээ Хятадын хоёр компанийн ойлголцол Засгийн газрын тендерийн нөхцөлтэй зөрчилдөөгүй, Монголын эрх ашгийг хөндөөгүй, эдийн засгийн хувьд ашигтай санал байвал Тавантолгойн хэлэлцээрийг эцэслэх боломж бүрдэнэ гэж зарим эдийн засагчид үзжээ. 

Тавантолгойн хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлж, төслийг эхлүүлэх хүлээлт нийгэмд байгаа. Үүнийг олон нийтийн дунд явуулсан санал асуулгах болох мессэжний №1 сонголт нотолно.Харин уг хэлэлцээрийг үргэлжлүүлэх, төслийг эхлүүлэхэд улстөрчдийн популизм нөлөөлөх вий гэсэн болгоомжлол олон нийтэд байна.  Ямартай ч ирэх долоо хоногт үргэлжлэн явагдахТавантолгойн хэлэлцээр нааштай шийдэлд хүрээсэй гэсэн хүлээлт нийгэмд байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button