Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлын тойм
Өнгөрч буй долоо хоногт улс оронд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Албан тушаал дагасан цолыг хураалаа
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 35-р зүйлийн 3-т Цагдаагийн албан тушаалын цол олгох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэсэн заалтыг үндэслэн Хууль зүйн сайд "Цагдаагийн албан тушаалын цол олгох журам"-ыг 2015 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн А/64 дүгээр тушаалаараа баталж гаргасан байна.Уг тушаалаар албан тушаалын цолд шилжснээр нэг алгасуулан олгосон цагдаагийн цолыг журамд заасан хугацаанд нийцүүлэх, албан тушаалын цолд шилжснээр урьд хэрэглэж байсан буюу Цагдаагийн байгууллагын тухай хуулиар олгосон цагдаагийн цол нь буурсан алба хаагчдын цолыг сэргээн олгохоор тус тус шийдвэрлэж, тушаалыг хэрэгжүүлж, мөрдөж ажиллахыг Цагдаагийн Ерөнхий газрын даргад даалгасан. Хууль зүйн сайдын дээрх шийдвэрийн дагуу нэг алгасуулан олгосон албан тушаалын цол хэрэглэж байсан нийт 1035 алба хаагчийн цолыг хурааж, шинэчлэн баталсан журамд нийцүүлэн цол олгосон.
Журамд нийцүүлж албан тушаалын цол бууруулсан 1035 алба хаагчийн 11 нь цагдаагийн хурандаа, 41 нь цагдаагийн дэд хурандаа, 139 нь цагдаагийн хошууч, 844 нь цагдаагийн ахмад цолтой байсан.
Мөн албан тушаалын цолд шилжснээр урьд хэрэглэж байсан цагдаагийн цол нь буурсан нийт 402 алба хаагчийн цолыг сэргээн олгосон байна. Тодруулбал урьд хэрэглэж байсан цагдаагийн хурандаа цолыг сэргээсэн 19, цагдаагийн дэд хурандаа цолыг сэргээсэн 113, цагдаагийн хошууч цолыг сэргээсэн 187, цагдаагийн ахмад цолыг сэргээсэн 65, цагдаагийн ахлах дэслэгч сэргээсэн 18, нийт 402 алба хаагч байна.
Дугуй түгжих, машин ачихтай холбоотой ШӨХТГ-ын дарга Нийслэлийн удирдлагуудтай зөрчилдөж эхлэв
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан энэ долоо хоногт хэд хэдэн хяналт шалгалтын дүнг сэтгүүлчдэд танилцууллаа. Энэ үеэр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-ноос өмнө 70-80 мянган төгрөг төлж ачуулсан машинаа авсан иргэд гомдол гаргаж мөнгөө буцаан авах боломжтой болсныг дуулгасан юм. Учир нь 2014 оны арваннэгдүгээр сарын 20-ноос өмнө машин ачих үйлчилгээний хөлсийг хууль бусаар тогтоосон байжээ. Тодруулбал, нийслэлийн төв замын нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашиныг торгуулийн хашаанд хүргэх үйлчилгээний төлбөрийг Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалын дагуу тогтоох ёстой. Гэвч Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хууль бус захирамж гаргаж, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн даргад дээрх эрхийг шилжүүлсэн байсан гэлээ. 2013-2014 онд нийт 9230 тээврийн хэрэгслийг зөөж, 647 сая 710 мянган төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн хэмээн мэдээлсэн. Харин уг мөнгөө шүүхэд хандан буцаан авах боломжтой гэдгийг Т.Аюурсайхан дарга хэлсэн. Тэгвэл түүний энэхүү мэдээллийн дараа Нийслэлээс мэдээлэл хийж ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан тэдний үйл ажиллагааг шалгах эрхгүй, бүх зүйл хуулийн хүрээнд хийгдэж байгаа гэдгийг хэллээ.
“Саусгоби Сэндс” ХХК-ийн 35 тэрбум төгрөгийг эргүүлэн төлөх шийдвэрийг хэвээр үлдээлээ
“Саусгоби Сэндс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежер Хиларион В.Кажуком нар нийтдээ 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн учир энэ хэмжээний мөнгийг Монгол Улсад төлөх хэрэгтэй гэх шүүхийн шийдвэр гарсан билээ. Харин шүүхийн энэхүү шийдвэрийг тус компанийнхан эсэргүүцэж давж заалдсан юм. Давж заалдах шатны шүүх энэ долоо хоногт хуралдаж, 35 тэрбум төгрөг эргүүлэн төлөх шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Дорнод аймгийн Засаг даргыг огцруулсантай холбоотойгоор Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийлээ
Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас аймгийн Засаг даргаа огцруулах тухай албан бичгийг Ерөнхий сайдад ирүүлжээ. Ерөнхий сайд уг албан бичигтэй танилцаад, саналыг хүлээж авахаар шийдвэрлэн, захирамж гаргасан байна. Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ч мөн ийм асуудал үүсээд байгаа талаарх мэдээлэл Ерөнхий сайдад иржээ.
Улстөрийн чанартай үйл ажиллагаа идэвхжих хандлагатай байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анхааруулж, орон нутгийн удирдлагуудтай ээлжит бус хурал зарлан хуралдуулсан байна. Энэхүү цахим хуралд 21 аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг дарга нар оролцлоо.
Хаврын тариалалт, мал төллөлт, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх хариуцлагатай цаг үед албан тушаал, сандал ширээний асуудал ярьж байж таарахгүй. Аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудлаар дахин албан бичиг хүлээж авахгүй гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдлээ. Харин ажлын хариуцлага алдсан Засаг даргад Ерөнхий сайд өөрөө хариуцлага тооцож ажиллана гэлээ.
Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тус аймгийн дараагийн Засаг даргыг 14 хоногийн хугацаанд тодруулан, Ерөнхий сайдад саналаа ирүүлэхийг үүрэг болгожээ.