Албан тушаалтнуудын ХОМ-тэй холбоотой “но” илэрч эхэллээ
Авилгын эсрэг хуульд зааснаар төрийн өндөр дээд албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогоо мэдүүлэхээр заасан байдаг. Тэгвэл 2015 онд албан тушаалтнууд хэдий хэр хэмжээний орлого олсон, хууль бусаар олж авсан орлого байна уу үгүй юу гэдгийг шалгахаар АТГ тэдний ХОМ-ийг авсан. Одоогоор албан тушаалтнуудын мэдүүлгийг хянаж шалгах ажил үргэлжилж байгааг тус газраас мэдээлсэн. Энэ жилийн хувьд зарим албан тушаалтнуудыг хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах шаардлагагүй хэмээн хасаад байгаа билээ. Тодруулбал энэ жил нийтдээ 51 мянган хүн мэдүүлэг гаргах ёстойгоос энэ жил 18 мянгыг нь хасжээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос авлига, ашиг сонирхлын эрсдэл багатай албан тушаалтнууд. Шийдвэр гаргахад оролцдоггүй, хяналт шалгалт хийдэггүй албан тушаалтнуудыг хассан байна.
Иргэдийн хувьд төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хөрөнгө орлогыг үргэлж сонирхон хүлээж байдаг. Энэ ч үүднээс манай томчуудын нуусан, хаасан данс ил болж олныг алмайруулж, зарим нэг нь орох орон ч үгүй олон жил төрийн албанд ажиллаж байсан тухай хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж байсан. Өнгөрсөн жилийн хувьд сонирхолтой баримтууд эхнээсээ гарч албан тушаалтнуудын хөрөнгөтэй холбоотой асуудал нэлээдгүй гарсан.
Энэ мэт өнгөрсөн жилүүдийн албан тушаалтнуудын өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээс харж байхад Монголын өндөр албан тушаалд хамгийн их орлоготой мөнгөтэй хүн суусан байгаа нь харагдаж байгаа юм. Ерөөс манай улсад хэн хамгийн мөнгөтэй байна тэр хамгийн өндөр албанд очдог бичигдээгүй хууль үйлчилж байгааг эндээс харж болно. Манай УИХ-ын гишүүд дотор бизнес эрхлэгчид нилээдгүй бий. Тэдний зарим нэгнийх нь орлого жилийн 20 тэрбум давсан байгаа нь манай орон баячуудын орон ч юм шиг. Гэтэл ард иргэдийнх нь бодит амьдралыг судлахаар бараг 70 хувь нь ядуу амьдарч байгаа нь харамсмаар.
Өнгөрсөн жилүүдийн албан тушаалтнуудын мэдүүлгээс харахад орон гэргүй унах унаагүй албан тушаалтнууд ч мэр сэр байсан. Тэдний нэг бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж түүний хувьд 2011 оны мэдүүлэгтээ түрээсийн байранд амьдардаг хэмээн мэдүүлж байсан бол 2012 онд өөрийн гэсэн байртай болж амьдрал нь дээшилсэн байсан юм. Мөн УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ гишүүний хувьд орон сууцанд бус гэр хороололд ард түмэнтэйгээ ижил түлээ нүүрсээ зөөн амьдардаг хэмээн мэдүүлсэн байсан юм.
Түүнчлэн малчин, адуучин гишүүд ч байдаг юм. Тодруулбал УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувьд 400 бод, 3100 бог, хурдан удмын 20 адуутай гэж мэдүүлсэн нь гишүүд дундаа толгой цохидог. Түүнчлэн МАН-ын дарга УИХ-ын гишүүн М.Энхболд хурдан удмын 40 адуутай аж. Энэ мэт тоочоод байвал төрийн томчуудын мэдүүлгээс их зүйл гарч ирнэ. Гэхдээ зарим нэг нь ийнхүү хөрөнгө мөнгөө мэдүүлж баян тарганаараа гайхагдаж байхад өөрийн хөрөнгөө нуун олныг алмайруулах нэгэн ч байна. Жишээлбэл УИХ-ын гишүүн Д.Оюунхорлын хувьд Отгонтэнгэр их сургуулийг үүсгэн байгуулсан гэдгийг хүн бүр мэднэ. Гэтэл тэрээр ямар ч компанид хувь эзэмшдэггүй хэмээн мэдүүлсэн байх юм.
Тэгвэл энэ жил албан тушаалтнууд хөрөнгө орлогоо хэрхэн мэдүүлэх бол гэдэг нь сонирхол татаж байна. Зарим нэг албан тушаалтнууд ХОМ-ээ худал мэдүүлж шийтгэлээ хүлээж эхэлсэн тухай АТГ-аас мэдээлсэн. Тодруулбал 12 албан тушаалтанд арга хэмжээ авсан байна. Тэдний гурав нь ажлаасаа халагджээ. Энэ мэт ХОМ-тэй холбоотой асуудал гарч эхэллээ.