Арилжааны банкуудаас Монголбанкны авч буй шимтгэл иргэдийн банкинд төлдөгөөс ялгаатай

"Монголбанкны үйлчилгээний шимтгэлийн ерөнхий нөхцөл"-ийн талаар олон нийтийн мэдээллийн зарим хэрэгслүүдээр иргэдийг төөрөлдүүлсэн ташаа мэдээлэл цацсантай холбоотойгоор албаны хүнээс тодруулахад дараах тайлбарыг хийлээ.

 

 "Монголбанкны үйлчилгээний шимтгэлийн ерөнхий нөхцөл" гэдэг нь Төв банкны төлбөрийн системийн оролцогч банк, Сангийн яамны Төрийн сангийн газар зэрэг байгууллагуудад хамаатай, тухайн байгууллагаас авч буй үйлчилгээний шимтгэл, хураамж ажээ.  Энэ нь арилжааны банкны тогтоодог иргэдээс авдаг шимтгэл, хураамжаас ялгаатай гэнэ. 

Олон улсын жишгээр Төв банк нь арилжааны банкны харилцах, хадгаламжийн дансыг байршуулж, бусад банк, санхүүгийн байгууллагатай хийж буй төлбөр тооцоог дамжуулан боловсруулах, үйл ажиллагааны зөвшөөрөл өгөх зэрэг үйлчилгээ үзүүлдэг бөгөөд үүндээ шимтгэл, хураамж ногдуулдаг. Тухайлбал, банк хоорондын шилжүүлэг, нэг банкны төлбөрийн картаар өөр банкны АТМ, ПОБ, ПОС төхөөрөмж ашиглан хийсэн гүйлгээ, гадаад валютын дотоод, гадаад төлбөр, шилжүүлэг дамжуулан боловсруулах, гадаад валют зузаатгах, тушаахтай холбоотой кассын үйлчилгээ үзүүлэх, банкинд нэмэлт зөвшөөрөл өгөх, банк түүний нэгж байгуулах зөвшөөрөл олгох зэрэг үйлчилгээг дурдаж болно. 

Харин арилжааны банкны шимтгэл, хураамж нь бол Банкны тухай хуулийн 11.3-т "Төлбөр тооцооны үйлчилгээний хөлсийг банк өөрөө тогтооно" гэж заасны дагуу банк нь иргэд, харилцагчиддаа үзүүлж буй үйлчилгээний шимтгэл, хураамжийг тооцоо, судалгаан дээр үндэслэн өөрөө тогтоодог шимтгэл, хураамж юм.

Иймд, Арилжааны банкуудаас Монголбанкны авч буй үйлчилгээний шимтгэлийг иргэд үйлчилгээ авахдаа банкинд төлдөг шимтгэлээс ялгаж ойлгох нь зүйтэй юм.

 

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button