“Mongolia Open-2015” -д С.Батцэцэг гурав дахь удаагаа түрүүллээ
Чөлөөт бөхийн олон улсын “Mongolia Open-2015” уламжлалт тэмцээн дөрөв дэх удаагаа “Буянт-Ухаа” спортын цогцолборт амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэй 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг, эрэгтэй: 61 кг, 70 кг, 86 кг, 125 кг-ын жингүүдийн барилдаан боллоо.
Тэмцээний хоёр дахь өдрийн барилдааныг МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ, “Цагаан чулуут” компанийн захирал Б.Батзаяа, “Арч капитал” компанийн ерөнхий захирал Х.Мөнх-Эрдэнэ, МАН-ын нарийн бичгийн дарга О.Гантулга, “Топ дрийлинг” компанийн захирал У.Пүрэвдорж, улсын начин Д.Багахүү, холбооны мэргэжлийн зөвлөлийн дарга, Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, холбооны хууль, ёс зүйн зөвлөлийн гишүүн Г.Батмөнх болон Гавьяат дасгалжуулагч Л.Ням, “Probis” компанийн менежер Д.Даваа нар үзэж сонирхлоо.
Өнгөрсөн жил Узбек улсын нийслэл Ташкент хотод болсон ДАШТ-ний 60 кг-ын жинд түрүүлсэн Гавьяат тамирчин С.Цэрэнчимэдэд олгосон дурсгалын бүсийг ДБНХ-ноос ирүүлснийг МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх нар гардуулж баяр хүргэлээ.
Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 63 кг-ын жинд зодоглож үзэгчид Гавьяат тамирчин С.Батцэцэгтэй шувтаргын барилдаанд таарна гэж үзэхийг тэсэн ядан хүлээж байлаа. Гэтэл С.Цэрэнчимэд маань хагас шигшээ барилдаанд польшийн бөх Моника Михалектай барилдахдаа сүүлчийн секундэд тактикийн алдаа гаргаж ялагдсан. 61 кг-ын жинд ширүүн тулаан болж хоёрдугаар тойрогт Гавьяат тамирчин Э.Ням-Очир, олон улсын хэмжээний мастер Б.Номин нарын барилдаан болж Б.Номин нь 7:5 онооны харьцаагаар дийлсэн. Шувтаргын барилдаанд Б.Номин, Б.Нэмэхбаярын хооронд ширүүн барилдаан болж Б.Нэмэхбаяр ялж энэ тэмцээний хошой алтан медальт бөх боллоо. Гавьяат тамирчин С.Батцэцэг 3 дахь удаа, олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг анхны удаа төвөггүй түрүүллээ.
Энэ тэмцээнээс манай бөхчүүд 9 АНУ, Казахстан, ОХУ-ын бөхчүүд тус бүр 2, японы бөхчүүд 1 алтан медаль хүртлээ.
Энэ оны дөрөвдүгээр сард АНУ-ын Лос-Анжелос хотод болох Дэлхийн цомын төлөө эрэгтэй багуудын тэмцээн, тавдугаар сард Катар улсын Катар хотод болох азийн аварга шалгаруулах тэмцээн, наймдугаар сард Бразил улсын Ресифи хотод болох залуучуудын ДАШТ, есдүгээр сард АНУ-ын Лас-Вегас хотод болох ДАШТ гээд олон чухал тэмцээн манай бөхчүүдийг хүлээж байна.
Olloo.mn