Т.Аюурсайханд хийх ажил их бий, гэвч …
Нэгдүгээр эгнээнд тавьсан, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслүүдийг ачиж, торгож, дугуйг нь түгжиж эхлээд нэлээд хугацаа өнгөрлөө. Гэвч энэхүү үйлчилгээг одоо “хэрэгтэй … хэрэггүй” хэмээн маргалдаж хоёр талд талцах болоод байна. Уг нь хууль, дүрэм журам зөрчиж байгаа л бол түүнд хариуцлага тооцох нь зөв.
Тиймээс ч өнөөгийн нөхцөл тохирч буй хамгийн сонгодог арга нь л ачих, журамлах болоод байна. Гэвч автомашинаа ачуулсандаа хорсох, бухимдах үүнээс болж хууль дүрэм зөрчсөн үйлдлээ зөвтгөн тайлбарлах иргэд цөөнгүй байгаа юм. Харин үүнийг ашиглаж, иргэдийн хүсэлт дээр “тоглолт хийж” нэр хүндээ өсгөгчид ч нэмэгдэж эхэллээ.
Эдгээр хүмүүсийн нэг нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайханыг хэмээн иргэд онцолж байна. Тэрээр “өнгөрөгч хугацаанд автомашинаа ачуулсан иргэд шүүхэд гомдол гаргаж, торгуульд төлсөн мөнгөө буцаан авах боломжтой” гэж мэдэгдсэн нь өнөөдөр асуудал дагуулж эхлээд байгаа юм.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн даргын А/21 тоот тушаал гарч, тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч, замын нэгдүгээр эгнээнд байршуулсан, хөдөлгөөнд саад учруулсан бол 70-80 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг нэг хэсэг хугацаанд авч байлаа. Үүний дараа төлбөрийг хөнгөлж, ЦЕГ-аас 55000 төгрөгийн хураамж авч байхаар болсон юм. Иргэдээс ирсэн гомдол саналын дагуу ийм арга хэмжээг авсан гэж албаныхан мэдэгдэж байв. Тэгвэл өмнө 70-80 мянган төгрөг авч байсан нь хууль бус учраас иргэд шүүхэд хандаж хохирлоо барагдуулж болно хэмээн Т.Аюурсайхан мэдэгдсэн юм. Гэхдээ тэрээр ам бардам мэдэгдэл шигээ иргэдэд учирсан гэх хохирлыг барагдуулах хэмжээнд ажиллах эрх мэдэлгүй гэдгээ хэлэв. Өөрөөр хэлбэл иргэд өөрт учирсан гэх хохирлынхоо араас өөрөө л явах шаардлагатай болж байна.
Нэгдүгээр эгнээнд байршуулсан автомашиныг ачиж, журамлаж эхэлсэн нь зарим иргэдэд таалагдахгүй байгаа мэт боловч энэ арга хэмжээ хэрэгжиж эхэлснээр замын ачаалал мэдэгдэхүйц буурч, хэн дуртай нь хүссэн газраа автомашинаа орхиод явчихдаг буруу хандлагыг өөрчилсөн давуу тал бий. Тиймээс ч энэ арга хэмжээг үгүйсгэх бус харин ч дэмжиж ажиллах хэрэгтэй гэдэг байр суурьт олон ч иргэд нэгдэж байна.
Мэдээж төгс зүйл гэж хаа ч үгүй. Алдаа дутагдал байж л таараа. Харин түүнийг засч залруулж, төгс болгохын төлөө төрийн байгууллагууд хамтран ажиллах нь чухал. Түүнээс алдаа дутагдал бүрийг нь онцолж, түүгээр өөрийн нэр хүндийг өсгөх арга хэрэгсэл болгож байгаа нь буруу хэмээн бодогдож сууна.
Т.Аюурсайханг ШӨХТГ-ын даргаар томилогдох үед өмнөх дарга О.Магнайгаас илүү ажиллаж чадах уу гэсэн хандлага нийгэмд байсан. Тиймээс ч магадгүй Т.Аюурсайханы хувьд нэр хүндээ өсгөх шаардлага тулгарсан биз. Гэвч нэгдүгээр эгнээнд автомашинаа дур зоргоороо байршуулдаг нөхдүүдийг өмгөөлсөн нь оновчгүй байлаа.
О.Магнайгийн хувьд иргэдэд таатай олон ч асуудлыг нийтэд дэлгэсэн. Гэхдээ дэлгэсэн шигээ үр дүнг нь үзээгүй асуудлууд их бий. “Циркийн хувьчлал”, “СӨХ-ны асуудал”, “Барилгын метр квадратын зөрүү”, "Эмийн сангуудад хийгдэх хяналт" гээд л тоочоод байвал өнөөдөр үр дүнгээ үзэж чадалгүй гацчихсан олон л асуудал байна. Энэ бүгдийг шийдвэрлэж, үнэхээр хэрэглэгч хохирч буй асуудлыг олж, үр дүнг нь олон нийтэд мэдрүүлснээр “Т.Аюурсайхан нь О.Магнайгаас илүү юм” гэж үнэлэгдэх байх. Түүнээс болж байгаа ажил, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн арга хэмжээг үгүйсгэж, иргэдийг төөрөлдүүлснээр үнэлэгдэх нь юу л бол.
Ами
Olloo.mn