Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Н.Батсуурь түрүүлэв

“Хан Хэнтийн хүү" хөгжлийн сангийн нэрэмжит Монгол Улсын заан цолны хүндэтгэлийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдааныг нээж "Хан Хэнтийн хүү" хөгжлийн сангийн ерөнхийлөгч Н.Учрал үг хэлэв.             

Барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын заан М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Г.Алтангэрэл, Э.Оюунболд нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглосноос Увс аймгийн Ховд сумын харьяат Увснуур дэвжээ, ТЭЦ-3, Химон констракшны бөх улсын харцага Намсрайжавын Батсуурь түрүүлж, Увс аймгийн Улаангом сумын харьяат Увснуур дэвжээний бөх  улсын харцага Ө.Бат-Орших үзүүрлэв. Их шөвгийн дөрөвт Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Булганхангайн хүчтэн дэвжээ, Жигүүр гранд группийн бөх улсын заан М.Өсөхбаяр, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, Монос группийн бөх улсын харцага Ц.Содномдорж нар шалгаран үлдлээ.

Цолныхоо хүндэтгэлийн барилдаанд улсын заан Д.Мягмар, Ч.Адъяа, Ч.Гочоосүрэн, Ц.Санжаа, Д.Лхагвасүрэн, Д.Цэнд-Аюуш, Д.Хишигдорж, Д.Амгаа, Д.Долгорсүрэн, Д.Бумбаяр, Ц.Мягмарсүрэн, О.Одгэрэл нарын улсын заанууд хүрэлцэн ирсэн бөгөөд  заануудад нутаг ус, харъяа байгууллага, гэр бүл, хамт олон, найз нөхөд, шавь нарынх нь зүгээс хүндэтгэл үзүүлэв. Мөн "Хан Хэнтийн хүү" хөгжлийн сангаас "Хан Хэнтийн аварга" дэвжээний бөхчүүд болох улсын харцага Э.Оюунболд, аймгийн хурц арслан С.Ариунбилэг, аймгийн арслан Б.Хадбаатар, Г.Ганцоож, аймгийн начин Д.Аззаяа нарын одоо ид барилдаж буй улс аймгийн цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлсэн юм. Хоёрын давааны завсарлагаанаар МУГЖ Г.Эрдэнэбат МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзангийн шүлэг "Манлай заан" дуугаар нийт заан цолтнуудад мэндчилгээ дэвшүүллээ.

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Бөхбилэгт дэвжээний бөх сумын заан Б.Батсайхан  нэгийн даваанд зүүн талын дагавар магнай улсын арслан П.Бүрэнтөгсийг, хоёрын даваанд зүүний тэргүүн магнай улсын арслан Х.Мөнхбаатарыг өвдөг шороодуулаад гурвын даваанд улсын арслан Н.Батсуурьт амлуулан барилдаж тахим буулгав.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button