Гарцгүй газраар зам гарч байгаад осолд өртсөн бол өөрөө хариуцлага хүлээдэг болно
УИХ-ын нэр бүхий гишүүд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан билээ. Тодруулбал, шинэчилсэн найруулгаар явган зорчигч гарцгүй газраар зам хөндлөн гарч байгаад осолд өртсөн бол өөрөө хариуцлага хүлээж, тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлыг нөхөн төлнө. Мөн жолооч болохын тулд заавал жолооны сургалтад суралцахгүй байх талаар тусгажээ. Түүнчлэн жолооч бэлтгэх, шалгалт авах, үнэмлэх олгох үйл ажиллагааг Замын цагдаагийн алба хариуцаж байгаа нь тус албаны үндсэн чиг үүрэгт нийцэхгүй байгаа учир энэхүү асуудлыг Хөдөлмөрийн яаманд хариуцуулах аж.
2013 онд улсын хэмжээнд 37 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан бол 197 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна. Улсын хэмжээний үзүүлэлтүүдийг урьд онтой харьцуулахад нас барсан хүүхэд 6 пунктээр буюу 14,0 хувиар буурч, гэмтсэн хүүхдийн тоо 14 буюу 7,7 хувиар өслөө. Орон нутагт 30 хүүхэд, нийслэлд 7 хүүхэд амь насаа алджээ. Амь насаа алдсан хүүхдийн насны байдлаас харахад 7 хүртэл насны хүүхэд 20 буюу 54,0 хувийг эзэлж байна. Нийслэлд хүүхэд өртсөн зам тээврийн ослын тохиолдол 1107 бүртгэгдсэн нь урьд оны үзүүлэлтээс 255 пункт буюу 29,9 хувиар буурсан хэдий ч учирсан хохирол өссөн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн осолд өртсөн хүүхдийн 76,8 хувь нь явганаар, 21,4 хувь нь тээврийн хэрэгсэлээр зорчигч, 1,3 хувь нь дугуйгаар, 0,5 хувь нь бусад замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртөж хохирсон байна. Нийслэлд 8-14 насны хүүхэд 44,2 хувийг, 0-7 хүртэл насны хүүхэд 38,4 хувийг, 15-17 насны хүүхэд 17,4 хувийг эзэлсэний 62,6 хувь нь эрэгтэй хүүхэд, 37,4 хувь нь эмэгтэй өртсөн гэсэн тоон үзүүлэлт гарав. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явж байгаад зам тээврийн осолд өртдөг байна. Энэ маршрутаар явахдаа анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцох, зам хөндлөн гарахдаа гарц, гарамтай хэсгээр гарахгүй байх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр замын хөдөлгөөний мэдлэг дутмагаас осолд өртдөг боловч жолоочийн хариуцлагагүй үйлдэл, замын байгууламжаас хамаарч осолд өртөх явдал багагүй байна.
olloo.mn