Сүүлийн гурван жилд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж 60 орчим хүн амь насаа алджээ

Орхон аймгийн цагдаагийн газарт Дэлхийн зөн Монгол ОУ-ын байгууллага, гэр бүл судлалын эрдэмтэн судлаачид “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт сургалт зохион байгуулж байна. Сургалтад 80 гаруй цагдаагийн албан хаагч, тэдний гэр бүлийн гишүүд хамрагдсан юм. 

Энэхүү сургалтаар гэр бүлийн үнэ цэнэ гэж юу болох, гэр бүлийн бүрэн бүтэн байдлаа хэрхэн хамгаалж хадгалж үлдэх, хүчирхийлэлтэй хуулийн байгууллагууд хэрхэн тэмцэж, урьдчилан сэргийлэх ёстой зэрэг зүйлсийг заах учраас сургалтаас олж авсан мэдээллээ цагдаагийн алба хаагчид амьдралдаа, ажил албандаа хэрэгжүүлэхэд үр дүнтэй байх болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. 

Гэр бүлийн хүчирхийллээс болж олон мянган охид эмэгтэйчүүд, хүүхдүүд айдас түгшүүр дарамтан дор амьдарч, хүчирхийллээс болж амь нас, эрүүл мэнд, сэтгэл зүйгээрээ хохирсон аймшигт хэргүүд сүүлийн жилүүдэд нийгэмд ихээхэн гарах болсон.

Сүүлийн 3 жилийн хугацаанд улсын хэмжээнд гэр бүлийн гишүүн, хайртай дотны хүнийхээ гарт 61 хүн амиа алдсан бол, 2015 он гарснаас хойш 2 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдаад байна. Үүний нэг нь нийгмийг цочрол айдаст автуулсан төрсөн эцгийнхээ гарт амиа алдсан 4 настай охины хэрэг байсан юм. Судалгаагаар монгол улсад гэр бүлээ цуцлуулж байгаа 5 гэр бүл тутмын 1-2 нь гэр бүлийн хүчирхийллээс болж салж байна. Мөн эмэгтэйчүүдийн хорих ангид гэр бүлийн хүчирхийллээс үүдэн бусдын амь насыг хохироосон 38 эмэгтэй ял эдэлж байна.

Манай улсад гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль 2003 онд батлагдаж байсан ч хууль хэт ерөнхий, гэрч хохирогч, хүүхдийг хэрхэн яаж хамгаалах чиглэлд нарийн тодорхой зүйл заалт байхгүйн дээр, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг захиргааны зөрчлийн хэмжээнд шийдвэрлэгдэж ирсэн байна. Тэгвэл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх шинэчлэн найруулсан хууль батлагдсанаар гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэрэг гэж зүйчлэгдэх гэнэ.

Мөн гэр бүлийн хүчирхийллийн хэрэг нь нууц далд байдлаар давтан үйлдэгддэг учраас нийгэм олон нийт, хууль сахиулахын байгууллага гээд бүх талын оролцоо хамтын ажиллагааны үр дүнд энэ аймшигт хэргээс урьдчилан сэргийлэх уялдаа холбоог шинэчилсэн хуульд тусгажээ.

Г.Сүрэн

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button