Нэг жилд 27-35 мянга гаруй иргэний хэрэг шийдвэрлэсэн байна
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутам зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлаар Шүүхийн эвлэрүүлэн зуучлалын талаар мэдээлэл өглөө.
Өнгөрсөн онд анхан шатны шүүхэд 42 орон тооны эвлэрүүлэн зуучлагч ажилласан бөгөөд 6427 өргөдөл хүлээн авч, нийт 5122 хэрэг маргаанд ажиллагаа хийсэн нь амжилттай болж, эвлэрлийн гэрээ байгуулагдсан 2847, амжилтгүй болсон 2275 маргааны 82.2 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн буюу гэрлэлт цуцлах тухай маргаан байв.
Сүүлийн 3 жилийн шүүхийн мэдээ, судалгаанаас харахад улсын хэмжээнд нэг жилд 27000-35000 гаруй иргэний хэрэг шийдвэрлэсэн байна. 2013 оны байдлаар 35314 иргэний хэрэг шийдвэрлэж байсан бол 2014 онд 33 996 хэрэг шийдвэрлэсэн нь 1318 хэргээр буурсан нь эвлэрүүлэн зуучлалын журмаар хэрэг, маргаан шийдвэрлэж эхэлсэнтэй холбоотой. Иймээс эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны журмаар хэрэг маргаан шийдвэрлэсэн хэмжээгээр шүүн таслах ажлын ачаалал буурах боломжтой.
Шүүх хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор тухайн маргааныг шийдвэрлэх ёстой бол эвлэрүүлэн зуучлах ажиллагаа 30 хоногт багтаан шийдвэрлэх бөгөөд талуудын хүсэлтээр энэ хугацааг нэг удаа сунгаж болдог.
Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны журмаар маргаанаа шийдвэрлүүлэхэд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн хамаарахгүйгээр тэмдэгтийн хураамж 30000 төгрөг төлөх юм. Энэ утгаараа эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа нь хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэсэн төдийгүй маргалдагч талууд найрсаг харилцаагаа хэвээр хадгалж үлдэх ач холбогдолтой аж.
olloo.mn