Цаг уурын 6 төрлийн хэмжилт хийх шинэ автомат станц ажиллаж эхэллээ
Төв аймгийн Эрдэнэ сумын цаг уурын харуулд суурилуулсан цаг агаарын үзэгдэл, элементийг хэмжигч автомат станцыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр болжээ. БНСУ-аас Монгол улсын ЦУОШГ-т зөвлөхөөр ажиллаж буй ноён Ли Ён Унг Монголд томилогдон ирээд Төв аймгийн ихэнх сумдын цаг уурын өртөө харуулуудтай танилцах явцдаа 5 хүнтэй өртөөнөөс илүүтэйгээр 1 хүнтэй харуулыг автоматжуулах нь зөв юм байна гэж бодсоны үндсэн дээр Төв аймгийн Эрдэнэ сумын цаг уурын харуулыг сонгон авч ажлаа эхэлсэн байна. Уг харуулыг автоматжуулах ажилд нийт 20 сая төгрөг зарцуулагдсан бөгөөд зөвлөх Ли Ён Унг өөрийн хөрөнгөөр бүх ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Нээлтийн ажиллагаанд ЦУОШГ-ын дарга Д. Цогт-Очир , Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат, Төв аймгийн УЦУОША-ны дарга П.Цэлмэг, ЦУОШГ-ын ЗХАХ-ийн дарга Д. Галцог, Цаг уурын хэлтсийн дарга Д.Батдорж болон албаны бусад хүмүүс оролцлоо. БНСУ-ын Жинянь үйлдвэрийн хамгийн сүүлийн үеийн энэхүү автомат станц нь салхины чиглэл, хурд, агаарын даралт, температур, чийг, хөрсний температур зэрэг 6 төрлийн хэмжилтийг хийх бөгөөд нэмэлтээр хур тунадас хэмжигчийг тавих юм. Автомат суурилагдснаар цаг агаарын үзэгдэл элементийг тасралтгүй ажигладаг болж байгаа гэсэн үг юм.
olloo.mn