ЖДҮ-ийг дэмжих зээлийг эздэд нь хүргэнэ

Аливаа улсын хөгжлийн гол түлхүүр  жижиг дунд үйлдвэрүүд байдаг. Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээр хувийн хэвшлийн хөгжих орчин бий болж, жижиг дунд үйлдвэрүүд олноор байгуулагдсан юм. Жижиг дунд үйлдвэрүүд нь ажлын байр бий болгох, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч банкны зээлийн хүү өндөр, урт хугацааны зээл авах боломж бага байдгаас компаниуд урт хугацааны хөрөнгө оруулалт, санхүүжилтээр дутагдаж энэ салбарын хөгжил удааширдаг байна.

Манай улсад  39,800 жижиг дунд үйлдвэрүүд байдгаас 50 хүртэлх хүний орон тоотой жижиг үйлдвэрүүд  97 хувийг эзэлж байна.  Тиймээс энэ салбарыг хөгжүүлэхийн тулд хамгийн чухал нь татварын таатай нөхцөл бүрдүүлж банкны хөнгөлөлттэй зээл олгох явдал  юм.

Анх 2007 онд ЖДҮ-ийг дэмжих сан байгуулж хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн.  Ингээд  төрөөс өч төчнөөн мөнгө зарцуулж  жижиг, дунд үйлдвэрүүдэд зээл өгдөг ч энэ нь очих  эзэндээ хүрч чаддаггүй тухай ярьсаар ирсэн. Том компаниуд  өөрсдийн охин компаниараа дамжуулан энэхүү хөнгөлөлттэй зээлийг аваад суудаг  нь нууц биш. Гэтэл сүүлийн хэдэн жил жижиг дунд үйлдвэрийн салбарт улсын төсвөөс 60 тэрбум  давсан төгрөг зарцуулсан гэх албан бус тооцоо бий.

Энэ талаар төрөөс  тодорхой арга хэмжээ авч нийгмийн доод давхаргынхныг ажлын байраар хангаж цалин орлоготой болгож байгаа эдгээр аж ахуй нэгжүүдийг дэмжиж тэдэнд чиглэсэн уян хатан бодлого хэрэгжүүлбэл  манай улсын эдийн засаг аяндаа сайжирна. Хоёр том гүрний дунд хавчуулагдан аль аль талаас нь эдийн засгийн хараат байдалд байдаг манай улсын хувьд энэ байдлаас гарахын тулд зайлшгүй хийх ёстой ажил бол энэ салбарыг бодитоор дэмжих явдал юм.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат сайдын цаг уулзалтад оролцлоо. Тэрбээр энэ үеэр аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар хийж хэрэгжүүлж байгаа болоод хийхээр төлөвлөж буй ажлаа танилцуулсан. Ингэхдээ Монгол улсын 100 хувь импортлогч орон  гэдгийг хүлээн зөвшөөрөөд  цаашид энэ байдлыг таслан зогсоохын тулд ажиллана гэлээ. Ингэхийн тулд ЖДҮ-ийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий гээд өнгөрсөн хугацаанд олгогдож байсан ЖДҮ-ийн зээлийг очих ёстой эзэнд өгдөг болно хэмээсэн юм. Өөрөөр хэлбэл ЖДҮ-ийг дэмжих зээлээр мөнгө угаадаг байдлыг таслан зогсоож эдгээр үйлдвэрүүдийг бодитоор дэмжин ажиллахаа мэдэгдлээ. Хэрэв түүний хэлсэн биелбэл мэдээж манайх шиг хөгжиж буй оронд хөгжлийн том түлхэц болох биз ээ.

 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button