"Фүжи холдинг" компанид найр тавьсан М.Нямбаяр дарга

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл таны сонорт хvргэх нэгэн мэдээлэл байна. Тодруулбал, таны хэлдэг “Иргэдийнхээ л үгийг сонсоно”, “Иргэд мэднэ” гэх таны уриа лоозон болсон энэхүү үгийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Нямбаяр гэгч этгээд буруугаар ашиглаж маш олон иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчжээ. Түүний тарьсан балгаас болж өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хан-Уул дүүргийн “Нэхмэлийн шар” хэмээгдэх хуучин байрны оршин суугчид шуугиан тарьж байсан. Учир нь тэрбээр дээрх хуучин байруудын оронд шинээр сүндэрлэн босох орон сууцны тендерийг хууль бусаар явуулсан гэх хэл аманд орж байсныг уншигчид санаж буй байх.

 

Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хороо хуралдаагүй байхад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас /НЕТГ/ сонгон шалгаруулалт явуулж хэд хэдэн төрийн албан хаагчийг тэр хавийн оршин суугчид АТГ-т шалгуулахаар болж байсан юм. Тэгвэл урин дулааны цаг ирж буйтай холбогдуулан оршин суугчид энэхүү байрны асуудлаар дахин хэл ам хийж эхэллээ. Оршин суугчдын хэлж буйгаар “Өнгөрсөн оны тавдугаар сард “Фүжи холдинг” компани тендерт ялсан байсан. Үнэхээр тендер сонгон шалгаруулалтаа явуулаад ялагчаа тодруулсан юм бол дахин тендер зарлах хэрэг байсан юм уу. Тэгээд ч тус компани барилга барьж байсан ямар ч туршилга байхгүй. Энэ компанийг судлаад үзэхэд мөнгө хүүлдэг газар юм билээ. Тэд японоос таван тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт ирнэ гэж ярьдаг. Түүнчлэн тэд барилга бариулахдаа хятадын “Ү ЯН” гэдэг барилгын компаниар барилгаа бариулна гэж ярьсан. Эдийн засаг хямралтай энэ үед гадаадын хөрөнгө оруулалт зогсвол яах вэ. Энэ мэт зүйлээс болж иргэд хохирох ёсгүй шүү дээ. Тиймээс нийслэлийн удирдлагууд энэ тал дээр хатуу анхаарахыг хvсч байна.

 

Яг үнэндээ “Нэхмэлийн шар” байранд төлбөрийн чадваргүй хүмүүс амьдардаг гэдгийг монголын ард түмэн бүгд мэднэ. Тухайлбал, тэтгэвэрт гарсан, хөгжлийн бэрхшээлтэй, өнчин өрөөсөн, ядуу, зүдүү хүмүүс голдуу амьдардаг газар шүү дээ. Тиймээс л нэр бүхий албан тушаалтнууд бидний үгийг хүн ч гэж тоохгvй байгаад үнэхээр харамсаж байна. Бид өнгөрсөн хугацаанд Хотын дарга Э.Бат-Үүл, НЕТГ-ын дарга Н.Нацагдорж, Тендерийн хороо гээд бүхий л газруудад өргөх бичиг явууллаа. Одоо хүртэл нэгнээс нь ч хариу байхгүй. Тиймээс хэвлэлд дахин хандахаас өөр аргагvй болоод байна” гэв.

 

Түүнчлэн оршин суугчдын хэлж буйгаар М.Нямбаяр Хотын даргыг буруу мэдээлэлээр хангаж ажил хийх гэж буй хувийн хэвшлийн компанид ихээхэн дарамт шахалт учруулж “ Хийвэл хий, больвол боль” гэсэн хачирхалтай саналыг тавьсан гэнэ. Уг нь хуучин барилгуудын насжилт дууссан хэмээн улсаас компанит ажил зохион байгуулж дахин төлөвлөлт хийн орон сууцжуулах аяныг өнгөрсөн хугацаанд төр засгаас зохион байгуулж байгаа. Гэтэл М.Нямбаяр хувийн ашиг сонирхлоо урьтал болгон нэр бүхий компаниудад боломж олгон маш олон хүнийг хохироож байгаа нь түүний хувийн ашиг сонирхол яваад байгааг ч үгүйсгэхгүй юм. Тухайлбал, дээрх хуучин байруудын тендерт ялсан хэмээн хэл ам таталж байсан “Фүжи холдинг” компани “Нэхмэлийн шар”-ын 10,11,16 дугаар байруудыг шинээр барих тендер авсан гэнэ. Уг нь тендерийн хуулийн дагуу тэд 45 хоногийн хугацаанд оршин суугчидтай гэрээ байгуулах ёстой аж. Гэтэл тэд ийнхүү хуулиа зөрчиж өнөөг хvрсэн байхад М.Нямбаяр дарга тэдэнтэй ямар ч хариуцлага ярилгvй оршин суугчдад тус компанийг магтан дуулж байгаа аж.

 

Уг нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нд Хотын дарга Э.Бат-Үүл дээрх байруудын оршин суугчидтай уулзалт хийхдээ их л тодорхой зүйлүүдийг ярьж байсан. Тодруулбал, тэрбээр “Нэхмэлийн шар” байруудыг зургаан багцад хуваан тендер зарласан бөгөөд таван багц дээр нь найман компани саналаа ирүүлсэн байгаа юм. Үнэлгээний хороо эдгээр компанийн материалтай танилцаад төсөл хэрэгжүүлэх боломжтой компанийг зарлана. Харин шалгарсан компани нь иргэдтэй 45 хоногийн дотор гэрээ хийх ёстой” хэмээж байсан юм. Тэгвэл Хотын даргын хэлсэн энэхүү үг зөвхөн тухайн өдрөө л хүчинтэй байж иргэдийн тархийг хэдэн минутад угаав уу гэх хардлага төрж байна.

 

Түүнчлэн барилгын норм дүрэм, стандартыг ягштал аж ахуйн нэгжүүдэд мөрдүүлэх ёстой тус газар харин ч өөрсдөө энэхүү дүрэм, журмаа огоорон өөр хоорондоо ханцуй дотроо наймаалцсан бас нэгэн ноцтой асуудал гарсан байна. Өөрөөр хэлбэл, тендерт шалгарсан гэх “Э Ф Эс” компани нь барилга хоорондын зай талбайг зөрчсөн барилгын зургаа боловсруулан НЕТГ-т хүргүүлсэн боловч тэд энэ бүхнийг үл огоорон бас л чимээгүйхэн өнгөрч байгаа нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл, хоёр барилга барих ёстой газарт дээрх компани дөрвөн барилга барихаар болсон нь барилгын стандарт норм дүрмийг зөрчиж байна гэж хэлж буй юм. Мөн түүнчлэн тэдний хууль бусаар хуваасан газарт байрлах 18,13,17 дугаар байрны оршин суугчид ямар байранд орох эсэх нь ч өнөөг хүртэл тодорхой бус болоод байгаа аж. Бас нэгэн хачирхалтай баримт гэвэл “Фүжи холдинг” компани оршин суугчидтай барилга эхлүүлэх гэрээ хийгээгүй байхад НЕТГ-ын дарга Н.Нацагдорж , тус газрын хэлтсийн дарга М.Нямбаяр, архитектор С.Даланжаргал нар ерөнхий төлөвлөгөөний зураг төсөлд нь гарын үсэг зурж баталгаажуулсан байгаа юм. Дээр хэлсэнчлэн тус компани өнөөг хүртэл оршин суугчидтай ямар ч гэрээ хэлцэл хийж баталгаажуулаагүй байхад ийнхүү тэд мутраа хайрласан гэсэн үг.

 

Уг нь оршин суугчдын 80-аас дээш хувь зөвшөөрсөн тохиолдолд тэд ажлаа эхлэх ёстой аж. Гэтэл нэр бүхий албаны хүмүүс ямар бичиг баримт дээр үндэслэн ийнхүү гарын үсгээ зурсан юм бол гэдэг нь анхаарал татах асуудлын нэг. Ямартай ч төр засгаас бодлогын хэмжээнд явуулж буй иймэрхүү компанит ажилд эрх мэдэл бүхий албан тушаалтнууд хэний ч мэдэхгүй компанийг лоббидож байгаа нь ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил төдийгүй их мөнгөний үнэр яваад буйг гэрчилж ч болох юм. Эцэст нь хэлэхэд Э.Бат-Үүл дарга аа, НЕТГ-аас зохион байгуулж буй ажил нь ядарсан иргэдийг дорд үзэж “иргэдийн санал огт хамаагүй” харин улс төрийн лобби тоглоомыг илүүд үзэж буй бололтой. Тиймээс таныг энэхүү тендерийн сонгон шал­гаруулалтыг ямар зарчмаар явуулж, үндэсний гэх тодотголтой аль компани нь “Нэхмэлийн шар” байрны орон сууцыг хэн барих вэ гэдэгт анхаарлаа хандуулахыг олон мянган оршин суугчид ийнхүү биднээр дайн хүргүүллээ.

 

Өглөөний сонин

Р.Саруул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button