Тариалангийн салбараар сонин юутай байна вэ

Энэ хаврын тариалалт ерөнхийдөө эхэлчихлээ. Салбар яам нь энэ жил хичнээн тонн буудай тариалж, хэр ургац авах вэ гэдгээ тооцоолоод төлөвлөөд эхлэв. Тодруулбал, Энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай, 16.0 мянган га-д тэжээлийн таримал гэх зэргээр нийтдээ 400.8 мянган га-д тариалалт хийж, 500.2 мянган тонн үр тариа, үүнээс 465.7 мянган тонн буудай, 40.0 мянган тонн малын тэжээл тус тус хураан авах зорилтыг дэвшүүлжээ. Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1190 аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 370 аж ахуйн нэгж, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж байгаа юм байна. Энэ бол зүгээр л төлөвлөгөө. Үүнийг амьдрал дээр хэрэгжүүлнэ гэдэг хүнд. Гэхдээ гол ажлыг тариаланчид хийнэ.

Хуучин Х.Баттулга сайдын үед буюу 2014 онд “тариаланчид маань 469 мянган тонн улаан буудай хураан авч, сүүлийн 17 жилийн түүхэн дэх хамгийн өндөр ургац хураасан жил боллоо ” хэмээн сайддаа магтуулж явсан. Гэхдээ энэ магтаал хагас жил ч үргэлжлэлгүй ҮХАА-н сайд солигдож, Р.Бурмаа болсноор асуудал ундарч эхэлсэн. Гэтэл дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангасан гээд байсан ч үр тарианаас нь дутаж,  “ОХУ-аас 20 тонн буудай импортоор оруулж ирнэ” хэмээн Р.Бурмаа сайд мэдэгдсэнээр тариаланчдынхаа эсэргүүцэлтэй тулгарсан юм.

ОХУ-аас улаанбуудай импортлохыг эсэргүүцэж, хангалттай буудайтай гэдгээ сайддаа батлах шаардлага гарав. Үүнийг далимдуулаад тэд суулт, цуглаан хийж, урамшууллын мөнгөө нэхэв. Гурил үйлдвэрлэгчид болон тариаланчдын дунд “чиний буудай сайн, муу” гэсэн талцал үүсэж, нэг хэсэгтээ л манаргав. Гэхдээ эл асуудал Улсаас тариаланчдын урамшууллыг олгосноор нам жим болсон ч  ОХУ-аас 20 тонн буудай оруулж ирэх хэвээрээ.  Эхнээсээ ч импортын буудайгаа оруулаад ирчихсэн сурагтай. 

Ийнхүү тариалангийн салбарынхан ч дотроо эв түнжин муутайхан хаврын бэлтгэлээ эхлүүлжээ. Гэхдээ тариаланчдад хүссэн тариалалтаа хийхэд хөрөнгө санхүү дутагдалтай байгаа бололтой. Учир нь энэ жил тариаланчид тарьсан улаанбуудай бүрийнхээ тонн тутамд 100 мянган төгрөг Улсаас авна гэж тооцоолж байтал тэр нь талаар болж, 30 хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл, Тариалан эрхлэлтийн дэмжих сангаас улаанбуудайн нэг тонн тутмыг 70 мянган төгрөгөөр үнэлэмж урамшуулал олгосон байна. Гэхдээ бас болоогүй. хаврын ажил эхлэх гэж байхад нь урамшууллын мөнгөнөөс өрийг нь суутгасанд тариаланчид бүр ч бухимдаж яваа гэнэ.

Тодруулбал, тариаланчдын урамшууллыг тонн тутамд нь 70 мянган төгрөгөөр тооцож, 25 тэрбумыг тараасан байна. Энэхүү урамшууллыг 908 аж ахуйн нэгж болон хувь хүмүүс авчээ. Урамшууллын мөнгийг тараахдаа Тариалан эрхлэлтийг дэмжих санд өртэй аж ахуйн нэгжүүдийн өрийг суутгасан. Нэг үгээр, Тариалан эрхлэлтийг дэмжих санд аж ахуйн нэгжүүдээс авах ёстой зургаан тэрбумын авлага хуримтлагдсан байсан бөгөөд үүнийгээ урамшууллын мөнгөнөөс нь авсан юм байх.

Гэхдээ  энэ хавар тэдэнд дахин дэмжлэг үзүүлэх сурагтай. Хаврын тариалалтад зориулж Тариалан эрхлэлтийн дэмжих сан 17.5 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Энэ мөнгөөр аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай чанартай үр худалдан авах, шатахууныг нөөцлөх, техник хэрэгсэл, бордоог нь хугацаанд нь нийлүүлэх зэрэг ажилд зарцуулах аж. 

Жил бүр хэмжээ нь өөрчлөгдөх урамшууллын учир

Засаг солигдох бүрт тоо нь өөрчлөгдөж байдаг тариалан эрхлэгчдэд олгох урамшууллын мөнгө үргэлж асуудал дагуулдаг. Уул нь уг урамшууллыг Сү.Батболдын Засгийн газрын үед"Буудайн урамшуулал олгох" тухай 350 дугаар тогтоолыг баталж улсад болон гурилын үйлдвэрт тушаасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 60 мянган төгрөгийг тариалан эрхлэгчдэд урамшуулал хэлбэрээр олгох шийдвэрийг гаргаснаар эхэлж байжээ. Гэтэл Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараа 2012 оны аравдугаар сард гаргасан тогтоолоор тонн тутамд 70 мянган төгрөгийн урамшууллыг олгохоор болсон. Гэвч энэ тоо нэмэгдсээр 100 мянган төгрөгт хүрсэн ч шийдлийн Засгийн газраас уг тогтоолыг “төрхөмд нь буцаан” тонн тутамд 70 мянган төгрөгийн урамшуулал олгож байхаар тогтсон юм. 

Г.Аянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button