Орон нутагт “Шилэн дансны тухай хууль”-ийн хэрэгжилт муу байна
“Шилэн дансны тухай хууль” хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан уг хууль энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Харин энэ хугацаанд хуулийн хэрэгжилт хөдөө орон нутагт ямар байгаа талаар судалж үзэхэд хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь харагдлаа.
Жишээлбэл Архангай аймгийн тухайд Шилэн дансны хуулийн нэгдсэн сайтад ямар нэгэн орлого зарлагын гүйлгээгээ мэдээлээгүй байна. Харин Баян-Өлгий аймагт Шилэн дансны тухай хуулийн нэгдсэн сайтад бөглөгдсөн зүйл нэг болон гуравдугаар сарынх байхгүй байна.
Харин хоёрдугаар сард Ерөнхий боловсролын сургуулиуд халаалтын төлбөртөө “Эрчим хүч” ХХК-ийн данс руу 16-50 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Тодруулбал 2015.02.27-ны өдөр Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль 16 сая, хоёрдугаар сургууль 19 сая, гуравдугаар сургууль 50 сая, дөрөвдүгээр сургууль 26 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Мөн дөрөвдүгээр сургууль хоёрдугаар сард Боловсрол соёлын газрын данс руу “Авьяас” хөтөлбөрийн мөнгө хэмээн 33 сая төгрөгийн гүйлгээ хийжээ.
Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Өлгий сум хөгжлийн сангаас хоёрдугаар сард хаус хороололд хашаа хатгах ажилд зориулж 10 сая, шороон зам татах ажилд 10 сая, гудамж талбай тохижуулах ажилд зориулж 10 сая төгрөгийн гүйлгээ хийжээ. Энэ мэтчилэн Баян-Өлгий аймгийн тухайд хоёрдугаар сарын гүйлгээгээ тайлагнасан ч нэг, гуравдугаар сарынх байхгүй байгаа юм.