Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусгаж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль батлагдсанаас хойш нийгэм, эдийн засгийн хөгжлийг дагасан шинэ харилцаа үүссэн, хуулийн хэрэгжилттэй холбоотой зарим хүндрэлийг арилгаж, зохих өөрчлөлт хийх шаардлагатай болжээ.
Энэ хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох зохицуулалтыг хэвээр хадгалж, захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг нэмж тусган, эрүүгийн хэргийн талаарх шүүхийн тогтоол гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь шинэчлэн найруулж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлтэй уялдуулжээ.
Ингэснээр эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, үр нөлөөтэй хэрэгжих нөхцөл бүрдэж, хорих ял эдэлсэнтэй холбоотой хувь хүнд үүсэх сөрөг үр дагавар буурна гэж үзэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.