Олон улсын жишигт нийцсэн зорчигч тээврийн төвтэй боллоо
Аймгийн төвүүдийг Улаанбаатартай хатуу хучилттай авто замаар холбох, олон улсын жишигт нийцсэн орчин үеийн терминал төвийг байгуулах зорилтод нийцсэн Драгон олон улсын зорчигч тээврийн төв нээгдлээ.
Зорчигч тээврийн үйлчилгээний зах зээлийн эрэлт хэрэгцээг төр дангаар хариуцан хангах боломж хомс тул энэ байдлыг өөрчлөн засахаар 2011 онд “Драгон Олон улсын зорчигч тээврийн үйлчилгээний терминал” төсөл боловсруулан Засгийн газарт танилцуулан дэмжлэг авсан байна.
Ингээд хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2012 оны 9 сараас барилга угсралтын ажил эхэлсэн бол өнөөдөр үйл ажиллагаа хэвийн явуулах боломжтой боллоо.
Энэ төслийн эхний ээлж хугацаандаа баригдаж 12800 м2 талбай бүхий худалдаа үйлчилгээний цогцолбор шинээр ашиглалтад орсноор 300 гаруй ажлын байр бий болж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар “Драгон Олон улсын зорчигч тээврийн үйлчилгээний терминал”-аас Олон улсын болон хот хоорондын 16 аймаг 48 чиглэлд 37 аж ахуйн нэгжийн 700 гаруй тээврийн хэрэгслээр өдөрт 5000 хүртэл хүн үйлчлүүлж байна.
olloo.mn