Инээдмийн баярт зориулав: Хүүхдийн дууны үгийг “делет”-лье

Инээдмийн баярын өдөрт зориулан нийгмийн сэдэвт шог хошин богино өгүүллэгийн “Вакцин” наадмын тэргүүн байрын шагналт, шог зохиолч Д.Буянгийн өгүүллэгийг хүргэж байна. Д.Буян нь 2014 онд “Тэнэг явахын жаргал” номоо уншигч олондоо өргөн барьсан бөгөөд худалдаанд гарсан цагаасаа хойш уншигчдын талархлыг хүлээж, эрэлттэй байгаа юм.Уг ном нь шог хошин өгүүллэгээс гадна шог өгүүллэгийн сонсох CD-ний хамтаар уншигчдадаа хүрч байгаа билээ.  “Тэнэг явахын жаргал” номонд орсон  өгүүллэгийг Инээдмийн баярын өдөрт зориулан уншигчдадаа хүргэж байна.

************************************

Манай эх оронд шинэ дуу хуур шиг их юм алга, монгол орон малаар биш дуу хуураар баян хэмээн миний бие бичиж байлаа.Тэгвэл хүүхдийн дууны хувьд 90 оноос хойш шинээр зохиогдсон дуу тун цөөхөн байдаг гэдгийг мэдээгүйдээ хүлцэл өчье. Сүүлийн үеийн зохиогдсон хүүхдийн дуунууд цаагуураа дандаа л бизнесийн эрх ашгийг хамгаалжээ. “Ширээн дээр юу байна, Фрута няня байна”, “Сейфкарт сейфкарт энэ савангаар, гараа чи угаагаарай”, “Хүүхэд бидний хүслийн ундаа Монфреш, Соруултай Монфреш монфреш”, “Миний чиний, аавын ээжийн, дүүгийн найзын амтат дуртай Чуба Чубс” гээд л дуусаа. Тэгэхээр 60, 70, 80 онд зохиосон хүүхдийн дуунуудын үгийг өөрчлөх хуулийн төсөл гаргахаар шийдлээ. Дуу бол цаагуураа аймшигтай тархи угаах зэвсэг гэдгийг энэ дашрамд сануулъя.

 

Наанадаж танай хүүхэд дуулж буй дууныхаа үгээр дамжин зөв хүн болж өсч торних болно. Жишээ нь “Ааваа, би өнөөдөр алтан тав авсан даа, ээжээ би өнөөдөр эрдмийн тав авсан даа” гэх бадгийг өөрчилж “Ааваа, би өнөөдөр алтан 100 авсан даа, ээжээ би өнөөдөр эрдмийн Эй авсандаа, Эй Эй оке доо, эрдмийн эй оке доо” гэх мэтээр. Нэрт ая зохиогч Л.Галмандахын “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол” гэдэг дуунд “Хүүхэд насанд хүргэж өгдөг хурдны галт тэрэг хэрвээ байдаг бол” гэж тодотгохоос авахуулаад хийх ажил  их байна. Ингээд..

Өрөөний салхивчаа хурдан шиг хаагаарай

Нүүрсний утаа сэнгэнэн орлоо

Сүр сар хийх чимээ гарлаа

Сандран харвал согтуу хүн байлаа гэвэл ямар вэ. Хамаагүй дээр сонсогдож байгаа биз дээ.

Намайг дуудаж сэрээсэн

Гэгээн өглөө сайн байна уу? гэхийн оронд

Намайг дуудаж сэрээсэн

“Сүүгээ аваарай” эгчээ сайн байна уу гэх мэтээр надад хийх ажил их.

Дэлхийн дулааралтаа дагаад хуурай сэрүүний улиралд гал гарч, монголын ой мод ихээр сүйрч байгааг хэн хүнгүй мэднэ. Тиймээс “Түүдэг гал” дууг хориглох саналтай байна. “Гал гал, түүдэг гал, ас ас, бадран ас. Галын дөл өөдөө ас ас, бадран ас” энэ арай болохгүй ээ. Ирэх зун халуун, хуурайшилттай болох цаг агаарын урьдчилсан мэдээ явсан. Тиймээс “Нараа нараа нааш ир, Сүүдэр сүүдэр цаашаа” гэх дууг өөрчлөөд

Сүүдэр сүүдэр нааш ир

Нараа нараа цаашаа

Найзаа найзаа нааш ир

Сүүдэрт гурвуулаа тоглоё  гэвэл хүүхдүүд наршиж, халууны өвчин тусах нь багасна.

Далаад оны эхэн үед зохиогдсон нэгэн харамч хүүхдийн дуу өнөөгийн зах зээлийн нийгэмд гал ус шиг харшилсаар явааг сурган хүмүүжүүлэгчид та нар мэдээгүй л суугаа даа.

Айлын маамуу надаас

Алаг бөмбөгөө өгөөч гээд

Гуйгаад байхад нь харамлаад би

Нуугаад байсан юм даа

Тоогүй ч юм болов уу даа

Түрээслэдэг байж үү дээ хө гэвэл өнөөгийн хүүхдүүд хожмоо, алсдаа бизнес ухаантай болох юм шиг санагдаад байгаа юм.

“Мөн дөө би” гэдэг дуунаас болоод монголын өчнөөн хүүхэд танихгүй хүн дагаж гэмт хэрэгт холбогджээ, цаана чинь.“Ахын ч дүү, эгчийн ч дүү, өвөөгийн ч хүү, эмээгийн ч хүү” гээд л дагаж яваад барууны хөгшин саятнуудын эд эрхтэний донор болоод “концерт дуусна” шүү. Тэрний оронд “Биш дээ би” гэсэн дуу зохиохыг хүүхдийн зохиолчдоос гуйя. Жишээ нь хаа холын хойд мөсөн далай,  Канадад амьдардаг “Цагаан баавгайн бамбарууш Тоглон наадаж байна Цэгээн туйлын мөсөн дээр Бөмбөг битгий хаяарай” гэхийн оронд монголд цорын ганц байдаг, устах аюулд тулсан  “Ховордсон мазаалайгаа аваръя, атомын хог хаягдлаа битгий булаарай” гэдэг ч юмуу нэг тийм дууг зохиогоод хит болгоод өгөөч.

Хичээлийн шинэ  жил эхлэхэд “Есөн сарын нэгэн” дууг нэгдүгээр ангид элсэн орсон багачуудад зааж өгдөг. Энэ дууг ч өөрчлөх хэрэгтэй байна.

Номхон морио уналаа даа

Ноот бүүкээ үүрлээ дээ. Одоо төв суурин газар битгий хэл манай хөдөөнийхөн ч гэсэн жийп, портер адаглаад хужаа мотоциклиор  хүүхдээ сургуульд нь хүргэж өгдөг болсон. Тиймээс  “Номхон даага” гэхийн оронд “Явган алхаад очлоо доо” гэвэл ядаж  хүүхдүүдийн маань эрүүл мэндэд хэрэгтэй байна.

Эрүүл мэнд гэснээс Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн “амттай чихэр, шоколад идэх мөн ч сайхан” гэсэн үгтэй дууг шууд хорих саналтай байна. Зөв хооллолт талаас нь авч үзвэл чихэр, шоколад бол сүүн шүдтэй багачуудын хувьд террор халдлага  гэсэн үг.

Ая-яаяа, тэр чихэр

Амттайхан чихэр байлаа гэхийн оронд

Ая-яа, тэр ааруул

Архангайн Чулуутын хатуу ааруул байлаа гэвэл цаагуураа газарзүйн хичээлийн мэдлэг олгож нэг сумаар хоёр туулай буудаж байгаа юм.

Бас “Бороо бороо ороорой оросын маамуу ирээрэй” гэнэ. Оросууд одоо болоо ш дээ. Монгол Укриан шиг юм болно. Ингээд нэг дууг  үндэс сууриар нь өөрчлөх саналтай байна.“Миний ном” гэх дууны шүлгэнд орсон Гаврош, Мангуужин, Боролдой гэсэн манай эриний өмнөх нэрийг авч оронд нь “Симба, Маша баавгай, Шрек” гэсэн үгтэй дуу зохиовол хүүхдүүд номын амтанд орох магадлал өндөр. Заавал соц нийгэмд зохиогдсон дуунууд ч биш, Богдхаант засгийн үеийн дуунуудыг дахин шинэчлэх, бүр болохгүй бол сургалтын программаас хасах тухай яриа бас байгаа юм шүү.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button