Тусгай зөвшөөрөлгүйгээр архи, согтууруулах ундаа худалдаалсан 2 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоов
“Архигүй Улаанбаатарын төлөө” сэдэвт нэг сарын аянг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулж байна. Аяны хүрээнд батлагдсан төлөвлөгөөний дагуу архи, согтууруулах ундаа худалдаалж, үйлчилдэг газруудад Монгол Улсын “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулиудын хэрэгжилт, согтууруулах ундааны чанар, аюулгүй байдал, хаяг шошго стандартын шаардлага хангаж буй эсэхэд Цагдаагийн байгууллагатай хамтран хяналт шалгалт хийж, зөрчлийг илрүүлэн арилгуулах, хууль бус үйлдлийг таслан зогсоох чиглэлээр ажилласан байна.
Аяны хүрээнд дараах ажлууд хийгдсэн. Үүнд:
1. Шалгалтанд худалдааны 126, хоол үйлдвэрлэл үйлчилгээний 82, нийт 208 газар хамрагдаж, 184 зөрчил илрүүлэн, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор улсын байцаагчийн 24 заалт бүхий 6 албан шаардлага хүргүүлж, 23 аж ахуйн нэгж, албан тушаалтанд 7144000 мянган төгрөгийн торгууль шийтгэвэр ногдуулан бүрэн барагдуулж, тусгай зөвшөөрөлгүйгээр архи, согтууруулах ундаа худалдаалсан 2 аж ахуйн нэгжийн архи, согтууруулах ундаа худалдаалах үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоож, нийт 35 нэр төрлийн 12.541.400 төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авч, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн.
2. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас холбогдох ажлын хэсэгтэй хамтран 2013-2014 онд “Дөрвөн луу”, “Морьтон Монгол”, “Боршоон буянт, “ТБЦ” ХХК-ий тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.
3. Аяны хүрээнд 17 нэрийн архи, 3 нэрийн дарс, 5 нэрийн шар айрагнаас дээж авч нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторид 132 үзүүлэлтээр шинжлүүлэхэд 12 нэрийн согтууруулах ундаа чанарын шаардлага хангаагүй гарсаны 8 нь архи, 2 нь дарс, 2 нь шар айраг байна. /хавсралт 2/
Эерэг гарсан үзүүлэлтээр нь авч үзвэл 50 хувь нь хатуулаг буюу этилийн спиртийн агууламж шошго дээр тэмдэглэснээс зөрүүтэй, 33.3 хувьд мэдрэхүйн үзүүлэлтээр буюу гадны механик хольцтой, үлдсэн хувьд альдегид стандартаас их, дарсны хүчиллэгийн хэмжээ зөрүүтэй байгаа нь тогтоогдлоо.
4. Баянзүрх дүүргийн “Ган түвшин” ХХК-ийн дэлгүүрт худалдаалж байсан хаяг, шошгын зөрчилтэй, үйлдвэрлэгч тодорхойгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр гадны хольцтой “Тансаг” нэрийн цагаан архинаас дээж авч НМХГ-ын лабораторит шинжлүүлэхэд стандартын шаардлага хангахгүй үзүүлэлттэй гарсан тул улсын байцаагчийн 02-03-57/181 тоот дүгнэлт үйлдэн, үйлдвэрлэгч холбогдогчийг тогтоолгохоор тус дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст албан бичгээр хандаад байна. “Аранзал трейд” ХХК-ийн үйлдвэрлэсэн “Сайхан” нэрийн цагаан архины шошгон дээр үйлдвэрлэсэн огноо тавиагүй, шинжилгээгээр хатуулаг, альдегид стандартын үзүүлэлтээс зөрүүтэй зөрчил илэрсэн тул 73500 төгрөгний архийг устгуулахаар улсын байцаагчийн акт үйлдэн, тус компаний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг холбогдох эрх бүхий яаманд хүргүүлэхээр шийдвэрлээд байна.
5. “Мөнхжин Од”, “Түшиг тулга”, “Ентүм Алтай” зэрэг 3 аж ахуйн нэгжийн 5 нэр төрлийн, 665 ширхэг шошгын зөрчилтэй архи, дарсыг татан авахуулж, зөрчлийг арилгуулан гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа./хавсралт 1/
6. Улаанбаатар хотын гүний гаалиар архи, согтууруулах ундаа импортлох болон архи, согтууруулах ундаа худалдаалж, үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий худалдаа, хоол, үйлдвэрлэлийн газруудын нарийвчилсан судалгаа, 2012-2014 онд импортолсон бүтээгдэхүүний хэмжээг нэр төрлөөр гаргаж, судалгаан дээр үндэслэн 1 хүнд ногдох хэмжээг тодорхойлох тандалт хийгдэж байна./хавсралт 3/
7. Нийт 14 үйлдвэрийн 38 нэр төрлийн архины хаяг, шошгонд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх заалтыг зөрчиж хэрэглэх заавар, гаж нөлөө г.м хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл бүрэн тусгагдаагүй байсан тул татан авалт хийлгүүлж, зөрчлийг арилгуулан, харьцуулсан зурагтай каталог гаргаж, нийтэд мэдээллээ. /хавсралт 4/
8.Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх тохиолдолд хүний эрүүл мэндэд үзүүлэх гаж нөлөө, хор хөнөөлийн талаар 5 төрлийн зөвлөмж, сэрэмжлүүлэг боловсруулан 180 гаруй иргэнд тарааж, байгууллагын вэб сайтад байршуулсан. /хавсралт 5/
9. Аяны хүрээнд согтууруулах ундаа үйлдвэрлэгчдэд зориулсан зөвлөмж боловсруулж, тус мэдээллийг байгууллагын вэб хуудсанд байршуулж ажиллалаа. /хавсралт 6/
10. Архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон өдөр үйл ажиллагаа явуулсан, стандартын шаардлага хангаагүй худалдаа, хоол үйлдвэрлэлийн 9 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг НЗАА-д хүргүүлж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2015 оны А/28 дугаар тушаалаар шийдвэрлүүллээ.
11. Шалгалтанд хамрагдсан газруудын ажиллагсдын мэргэжил, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 80 гаруй аж ахуйн нэгжийн төлөөллийг “Худалдаа үйлчилгээнд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөлтөд хяналт тавих нь” сэдэвт сургалтанд хамрууллаа.
Дүгнэхэд:
Тусгай зөвшөөрөл бүхий газруудад “архигүй” өдрүүдийн хяналт шалгалтыг тогттолжуулснаар хориглосон өдөр архи худалдах, үйлчлэх зөрчил эрс буурсан, лабораторийн сүүлийн 3 жилийн шинжилгээний дүнгээс харахад чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй архи согтууруулах ундааны худалдаалалт буурсан, илэрсэн зөрчлийн зөвхөн 20 хүрэхгүй хувь нь архины чанар, зөвшөөрөлтэй холбоотой зөрчил харагдаж байна.
Цаашид:
1. “Архидан согтуурахтай тэмцэх тухай” /2000 он/ хуулийн захиргааны шийтгэлийн шийтгэврийн хэмжээ “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн дээд талын хариуцлагын санкцаас 57-72 дахин бага байгаа нь хариуцлагын хөшүүрэг болж чадахгүй байсаар байгааг анхаарах шаардлагатай байна.