Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийн хэлэлцүүлэг болов
Улсын Их Хурлын даргын 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 60 дугаар захирамжаар “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүдийн дарга нараар ахлуулан нийт 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.
“Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого-2015-2040” төслийн хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэн, “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх” төсөлтэй хамтран өнөөдөр /2015.04.01/ Төрийн ордонд зохион байгуулав.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Батцэрэг төслийн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах ажилд ажлын дэд хэсэг голлох үүрэгтэй оролцож, төслийн эхний хувилбарыг бэлэн болгоод байгааг дурдав. Ингээд хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт удирдан явуулсан юм.
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал, ажлын дэд хэсгийн ахлагч Б.Энхбайгаль Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийг боловсруулсан үндэслэл, ажлын үе шат, явцын талаар танилцуулга хийсэн юм.
Тэрээр ажлын дэд хэсэг 2014 оны 5 дугаар сараас Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийг боловсруулах ажлыг эхэлж, төслийг боловсруулах явцад Арабын нэгдсэн Эмират, Ямайка, Израйль, Индонези, Брунди, Уганда, Гвиней, Танзани, Катар зэрэг эдийн засаг, хүрээлэн буй орчин, соёлын хувьд ялгаатай, хөгжлийн янз бүрийн түвшинтэй улс орнуудын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгүүдийг харьцуулсан шинжилгээ хийсэн. Түүнчлэн Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийн үнэлгээг хэрхэн хийсэн талаарх судалгааны арга, хамарсан хүрээ, 2040 он хүртэлх хугацаанд Монгол Улсын хөгжилд нөлөөтэй гадаад орчны хүчин зүйлс, тулгарч болзошгүй эрсдэл, эерэг өөрчлөлт, боломжуудыг тодорхойлсон талаар танилцуулсан юм.
Ажлын дэд хэсэг өнгөрсөн хугацаанд бодлогын баримт бичгийн төслийн талаар мэдээллийн өгөгдлийн сан бүрдүүлж, багийн хэлэлцүүлгийг 30 удаа, дотоод хэлэлцүүлгийг 50 гаруй удаа зохион байгуулжээ.
Хэлэлцүүлэгт оролцогчид ажлын дэд хэсгээс боловсруулсан Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийн талаар санал бодлоо хуваалцлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.