Монгол улс газрын тосны нөөцтэй ч боловсруулах үйлдвэргүй цорын ганц орон
Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат тэртээ 20-иод жилийн тэртээ цагаан дээлийнхээ энгэрийг Тамсагийн сав газарт газрын тосоор мялааж байсан түүхтэй. Яг энэ үеэс л манайхан газрын тос боловсруулах үйлдвэртэй болж эх орныхоо хөгжлийг түргэсгэе хэмээн ярьсаар өдгөө 20 гаруй жилийн ардаа орхижээ. Манай улс бол газрын тосны хангалттай их нөөцтэй ч үүнийгээ боловсруулах үйлдвэргүй цорын ганц орон.
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор жилд 2 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий төрийн өмчийн оролцоотой газрын тос боловсруулах үйлдвэрийг 2016 онд багтаан барьж дуусгах шийдвэрийг Засгийн газраас гаргаж энэ дагуу 2013 оны төсөвт Техник эдийн засгийн үндэслэл хийх зардлыг тусгаж өгсөн байдаг. Гэвч уг үйлдвэрийн сураг одоо тасарсан.
Тэгвэл өнөөх л урт удаан настай нефть боловсруулах үйлдвэрийн сураг дахин дуулдаж эхэлжээ. Тодруулбал Засгийн газрын хуралдаанаар дотоодын нөөцөд тулгуурласан нефть боловсруулах үйлдвэр барих асуудлыг оруулж, тогтоол батлуулжээ.
Засгийн газраас хаана үйлдвэр барих, хэдэн үйлдвэр барих асуудлыг тодорхой болгож, ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээг хийх ажлын хэсгийг Аж үйлдвэрийн яам байгуулах юм байна. Уг үйлдвэрийг говийн бүсэд буюу Сайншандын Зүүн баянд хоёр сая тонн хүртэлх хүчин чадалтай, зүүн бүсэд буюу газрын тосны нөөцтэй Дорнод аймгийн Тамсагт барих шийдэлд хүрчээ. Ингээд ирэх намар нефтийн үйлдвэр барих сонирхолтой компаниудын дунд сонгон шалгаруулалт хийх, хөрөнгө оруулах санал тавих юм байна.
Энэ үйлдвэр ашиглалтад орвол ам.долларын ханшийг 1000 төгрөгт барих боломжтойг Аж үйлдвэрийн сайд дуулгасан. Тэрбээр хэлэхдээ “ 2020 он хүртэл экспортыг найман тэрбум ам.долларт хүргэж, импортыг дөрвөн тэрбум ам.долларт барьчихвал үнийн өсөлт, валютын савлагаа ажлын байрны хомсдолын тухай ярихааргүй болно” гэсэн юм.
Газрын тосны нөөц арвитай ч үргэлж шатахууны үнээс хамааралтай амьдардаг манай улсын хувьд газрын тос боловсруулах үйлдвэр дотооддоо байгуулбал мэдээж улс орны амьдралд ихээхэн ач тустай. Хойд хөршийнхнийг хэзээ үнээ нэмэх бол хэмээн толгой бөхийж суудаг цаг ард хоцорно.
olloo.mn