“Монголын эдийн засгийн чуулган-2015” эхэллээ
“Монголын эдийн засгийн чуулган”-ыг 2010 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Тэгвэл тав дахь удаагийн чуулган өнөөдөр эхэлнэ.Тус чуулганд дунджаар 1000 гаруй төлөөлөгч, 100 гаруй сэтгүүлч сурвалжлагч оролцдог нээлттэй хурал юм.
Жил бүр сонирхолтой уриан дор хэлэлцэх асуудлаа зангиддаг эдийн засгийн чуулган энэ удаа “Итгэлцэл” уриан дор болох юм байна. Зохион байгуулагчдын зүгээс уг уриаг сонгохдоо манай улсад бүх шатанд итгэл дутагдаж байна гэдэг үүднээс хандсан байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл буурсан, бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн байгууллагууд гээд бүх шатандаа итгэл алдагдсан тул харилцан бие биедээ итгээсэй гэсэн хүслээр дээрх уриаг сонгожээ.
Энэ жилийн Эдийн засгийн чуулганаар нэг талаас төрийн оролцогчдын зүгээс бодлогын шийдвэрүүдээ танилцуулж, нөгөө талаас хувийн хэвшлийнхэн ч татвар, хууль эрх зүй, бизнесийн орчин хэр байгаа, хэрхэн сайжруулах талаар хөндөх биз ээ. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн чуулганд аль аль талаасаа нэлээд шийдлийн чанартай асуудлууд яригдах учиртай.
Мөн чуулганы үеэр эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор макро эдийн засгийн асуудлууд яригдах бөгөөд Оюутолгой, Тавантолгой гэсэн хөгжлийг хөдөлгөх уул уурхайн мега төслүүдийн талаар ч хэлэлцэх юм байна. Үүнээс гадна форумын үеэр Монголын зээлжих зэрэглэлийг хэрхэн сайжруулах, Япон улстай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийг ч онцолж байгаа аж.