Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээний аваргууд тодорно
Монголын Оюун Ухааны АКАДЕМИ-аас санаачлан зохион байгуулж буй “Ой тогтоолтын улсын аварга-2015” оюуны спортын 5 дахь удаагийн тэмцээн нь 2 үе шаттай явагдаж байгаа ба эхний шалгаруулалт 2015.03.20-ны өдөр нийт 120 тамирчин ой тогтоолтын 8 төрлөөр өрсөлдсөнөөс 4 дүгээр сарын 4-нд эцсийн шалгаруулалтад оролцох бага, дунд, насанд хүрэгчдийн ангиллын 50 тамирчин тодорсон билээ. Тус тэмцээний ерөнхий шүүгчээр Ой тогтоолтын спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатар ажиллаж байгаа бөгөөд тамирчдын гаргах амжилтууд дэлхийн чансаанд бичигдэнэ.
Энэхүү тэмцээн нь Монголын оюунлаг хүүхэд, залуусыг дэмжих, эх орныхоо нэрийг дэлхийн түвшинд гаргах оюуны спортын тамирчдыг тодруулах, хүн бүр оюуны чадамжийг дээд зэргээр ашиглаж болдгийг харуулах зорилготой юм.
ТАМИРЧДЫН ОРОЛЦОХ ТӨРЛҮҮД
- Багананд өгөгдсөн үгс
- Хоёртын тоолол
- Нэр, зүс царай
- Тооны марафон
- Хөзрийн дараалал
- Тооны марафон-Хурд
- Хийсвэр зураг
- Түүхэн үйл явдал
- Дуут цифр
- Хөзөр-Хурд
Нас насны ангилалд төрөл бүр дээр эхний 3 байр шалгаруулж медаль, өргөмжлөл гардуулахаас гадна тэмцээний бүх төрлийн нийлбэр дүнгээр эхний 3 байрт орсон тамирчдыг цом, 1 сая, 750 мянган, 500 мянган төгрөгөөр урамшуулна.
Тэмцээний ивээн тэтгэгчээр “Төгс Эрдэм Сан” ТББ, “Мөнхийн үсэг” ХХК, Рапид Девелопмент Групп, мэдээллийн ивээн тэтгэгчээр ZA телевиз болон Оlloo.mn сайт ажиллаж байна.