Т.Санчир Филиппиний лигт тоглохоор боллоо

Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчин Т.Санчир Филиппин улсын мэргэжлийн лигт тоглохоор болж эхний гэрээнд гарын үсэг зуржээ. Тэрбээр Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2014-2015 оны улиралд Мон Алтиус Мадимос Шонхорууд  багт тоглож плей-оффт шалгарсан ч цувралд Дорнод Танан Гарьд багт 3:1-ийн харьцаагаар ялагдан энэ улирлыг дуусгасан билээ.

Т.Санчирын хувьд өнгөрсөн  аравдугаар сард Инчоны азийн наадамд амжилттай оролцож шигшээ багаа  оноо авалтаар тэргүүлж тивийн шилдэг гурван тамирчны нэгээр нэрлэгдэж сагсан бөмбөгийн мэргэжилтнүүдийн  анхааралд орсон юм. Энэ үеэс түүнд гадны лигт тоглох санал ирсэн гэх мэдээлэл гарах болсон ч тэрбээр Үндэсний Супер лигт тоглосон.

Харин энэ сарын 31-ний өдөр түүнд Филиппин улсын лигийн шилдэг багуудын нэг “Barangay Ginebra San Miguel Kings”  багаас гэрээний санал иржээ. Т.Санчир өчигдөр гэрээнд гарын үсэг зурсан байна. Т.Санчирын тоглох баг лигийнхээ найман удаагийн аварга баг юм байна. Тэрбээр удахгүй Филиппин улсыг зорьж эмнэлгийн үзлэгт орж, багтайгаа нэг сарын бэлтгэл хийх  аж.

Харин Филиппин улсын мэргэжлийн лиг “PBA” нь Ази Тивдээ хамгийн анх байгуулагдсан мэргэжлийн Холбоо, Лиг бөгөөд энэ онд 40 жилийн ой нь тохиох юм. PBA нь мөн үүсгэн байгуулагдсан хугацаагаараа дэлхийд зөвхөн NBA-ийн дараа ордог хамгийн ахмад Лиг бөгөөд зохион байгуулалт, багуудын чансаа, тамирчдын өрсөлдөөн, мэдээ мэдээлэл, шууд дамжуулалт, шилжилт хөдөлгөөн, бизнесс зэрэг олон талаараа Азидаа төдийгүй дэлхийд шилдэгт тооцогддог мэргэжлийн Лиг юм байна.

Б.Сансартуяа
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button