Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ удаа дараа хууль зөрчсөн үйлдэл гаргаж байна

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын ээлжит долдугаар хуралдаан өнгөрөгч сарын 31-ны өдөр хуралдлаа. Хуралдаанаар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэд хариуцлага тооцохоор санал оруулсан байна.

Учир нь Д.Бат-Эрдэнэ нь удаа дараа хууль зөрчиж, ёс зүйн хувьд алдаа дутагдал гаргаж байсан тул чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй гэсэн үндэслэлээр түүнийг огцруулахаар хурлын төлөөлөгч санал оруулсан байна.

Д.Бат-Эрдэнэ нь 2013 онд тендерийн хуулийг зөрчиж, тендер зарлахгүйгээр өрөө тасалгаагаа засуулсан, өрөө тасалгаандаа тавилга, эд хогшил худалдан авчээ. Тэгээд тендер зарлаагүй тань хууль зөрчсөн асуудал болно хэмээн хурлын зарим төлөөлөгч хэлэхээр гэмээ ухаарч сарын дараа тендерийг нөхөн зарлаж тухайн компаниа шалгаруулсан байгаа юм.

Ажил бараа худалдан аваад нөхөж, тендер шалгаруулах тухай тендерийн хуульд ямар ч зохицуулалт байхгүй болно. Ийм хууль бус үйл ажиллагааг эрх бүхий байгууллагад шалгуулахад, мөн баримт бичиг засварласан, хуурамчаар үйлдсэн асуудал баримтаар илэрсэн байдаг.

Үнэндээ Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд Төсвийн Ерөнхийлөн захирагч, түүний бүрэн эрхийн тухай зохицуулсан байдаг. Үүнд: Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3-т өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах, 14.3-т Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын төсвийн орлого, зарлагын зүй зохистой, үр ашигтай байдал, үр дүнгийн гүйцэтгэлийг хангаж, өөрт хамаарах төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн шатны ИТХ, Засгийн газар, УИХ-ын өмнө бүрэн хариуцна гэсэн байдаг.

Гэтэл ИТХ-ын дарга нь 2014 онд төрийн албанд ажиллаж байсан албан хаагчдыг чөлөөлөхдөө нийгмийн асуудлыг шийдвэрлэх нэрийн дор 70 гаруй сая төгрөгийг зүй зохисгүй зарцуулсан байдаг.  Уг хөрөнгө нь төрийн албанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, амжилттай ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэхэд зориулагдсан хөрөнгө юм.

 

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Д.Бат-Эрдэнэ нь өмнө нь хуурамч диплом хэрэглэж албан тушаалд очсон хэргээр Нийслэлийн авто замын газрын даргаасаа халагдаж байсан юм.

 

 Түүнийг дахин хууль бус үйлдэл гаргасан хэргээр огцруулах жагсаал өчигдөр Чингэлтэй дүүргийн гадна болсон. Чингэлтэй дүүргийн ИТХ-ынханы хэлж буйгаар Д.Бат-Эрдэнэ нь хэд, хэдэн удаа хууль бус шийдвэр гаргаж байгаа учир  энэ албан тушаалд тохирохгүй гэж үзэж байгаа юм.

Г.Сүрэн

olloo.mn

 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button