“Уралын хавар-2015” наадам зохион байгуулагдана
Оросын Холбооны улсын Свердловск хотын их, дээд сургуульд сурч байсан оюутнууд хамтран 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Уралын хавар-2015” наадмыг Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна.
Анх 1955 онд Уралын Хөгжмийн дээд сургуульд монгол оюутан сургаж эхэлснээс хойш Уралын Политехникийн дээд сургууль, Уралын Улсын их сургууль, Уралын Уулын их сургууль, Уралын Багшийн дээд сургууль, Уралын Улс ардын аж ахуйн дээд сургуульд 1500 гаруй монгол оюутан суралцаж төгсжээ.
Уралд сургууль төгссөн оюутнууд эх орныхоо аль хэрэгцээтэй газар очин ажиллан, өнөөдөр урлаг, нийгэм, эдийн засаг, боловсрол, барилга, аж үйлдвэр, эрчим хүч, уул уурхай зэрэг бүхий л салбарт амжилттай ажиллаж, улс орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байна. “Уралын хавар-2015” наадмын үеэр төгсөгчид уулзан оюутан насны дурсан холбоо тогтоох, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, Уралын Хөгжмийн дээд сургууль төгсөгчдийн уран бүтээлийн тоглолт хийх зэрэг арга хэмжээнүүд болно.
olloo.mn