“Босоо хөх Монгол”-ынхон УИХ-ын дарга тэргүүтэй нэр бүхий хүмүүсийг шүүхэд өгөхөөр болжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Босоо хөх Монгол бүлгэмийнхэн Бурхан халдун ууланд явж байсан Өвөрмонголчуудыг зодож танхайрсан гэх бичлэг цахим ертөнцөөр тарж багагүй шуугиан дэгдээсэн. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр “Босоо хөх Монгол” бүлгэмээс мэдээлэл хийж ташаа мэдээлэл санаатайгаар тарааж байна гэлээ.
Тэд Өвөрмонголчуудыг зодох биш харин ч хамгаалж, тэднийг дээрэлхэж байсан Монгол залуусыг тараасан гэв. Тэд Бурхан халдун ууланд хог түүхээр очоод ийн хэл аманд өртлөө. Бидэнд зориудаар урхи тавьж нэр төрд халдсан байхыг үгүйсгэхгүй байна гэсэн юм.
Ер нь байгаль орчны төлөө гэсэн бидний энэ ажлыг төрийн түшээд ч зориудаар харлуулах гэж бидний дунд туршуул тавьж мэдээллийн хэрэгслээр удаа дараа гүтгэлгийн чанартай мэдэгдлүүдийг хийж байгаа тул тэднийг шүүхэд өгөхөө мэдэгдлээ. Тэд Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн М.Зоригт, Л.Эрдэнэчимэг, “Ногоон хас” ТББ-ын тэргүүн М.Бямбадорж нарыг шүүхэд өгөхөөр болжээ.